УИХ-ын гурван байнгын хороо өнөөдөр Төрийн ордонд хуралдана.
Төрийн байгуулалт болон Хууль зүйн байнгын хороодын хамтарсан хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд эхэлж, УИХ-ын гишүүн Я.Санжмятав, Н.Энхболд, Д.Сарангэрэл нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх юм.
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан мөн 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд эхэлж, Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх бол Эрүүл мэндийн тухай болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг хийх аж.