УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж батлав. Зөвлөлийн бүрэлдэхүүнд Монголбанкны дэд Ерөнхийлөгч, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга, Үндэсний статистикийн хорооны дарга, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Эдийн засгийн байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх, Шинжлэх ухааны академийн тухайн асуудал эрхэлсэн дэд Ерөнхийлөгч гэсэн албан тушаалтнууд тус зөвлөлийн бүрэлдэхүүнд багтахаар боллоо.
Чуулганы хуралдаанаар хэлэлцсэн сүүлийн асуудал бол Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл юм. Энэ нь УИХ-ын гишүүн Н.Амарзаяаг Өргөдлийн байнгын хорооны гишүүнээс чөлөөлж, Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүнээр нэмэх тухай асуудал байлаа. Уг асуудлыг гишүүд дэмжсэнээр хуралдаан өндөрлөв.