УИХ-ын намрын чуулган завсарлаж, гишүүд тойрогтоо ажиллах нь ажиллаж, амрах нь амарч яваа. Харин Хууль зүйн сайд асан С.Бямбацогт Хэнтийн нурууны ноён оргил Асралт хайрханд гарснаа өөрийн нүүр номдоо бичжээ. Тэрбээр, “Хэнтийн нурууны ноён оргил далайн түвшнээс дээш 2799 метр өндөр Асралт хайрхандаа авирлаа. Уулчид тухайн жилийнхээ ууланд авиралтын нээлтийг энэ хайрханд хийдэг ёс уламжлал нэгэнт тогтжээ.
Монгол Улсын Гавьяат тамирчин, Олон улсын хэмжээний мастер Б.Цэвээндашаар удирдуулсан манай авиралтын багт "Алтайн барс" клубын маань нөхөд багтаж хамтдаа оргилд гарсан юм. Тэнгэр хангай ивээж уулын оргилд гарахад үүлгүй цэлмэг, харьцангуй тогтуун салхитай сайхан байлаа. Уулын спорт гэдэг хурд хүч, эр зориг, тэсвэр хатуужил, дээр нь багийн ажиллагаа шаардсан сайхан спорт гэдгийг бие сэтгэлээрээ амсах тэр мэдрэмж гайхалтай. Уулын орой дээр гарахад ухаан бодол уужирч, санаа сэтгэл цэлмээд нэг л сайхан...” хэмээжээ.