УИХ-ын гишүүн Ж.Батзандан энэ парламентын олны хэлдэгээр “поп” улстөрчдийн нэг. Тэрээр өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2018 оны төсвийг батлахад мөн л хатуухан үгийг ангийн нөхөддөө хэлээд амжсан юм. УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Бид өнөөдөр хуурамч төсөв батлах гээд сууж байна.
УИХ-аар Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилох асуудлыг хэлэлцэхийн өмнө нээлттэй сонсгол хийе гээд гишүүдээс гарын үсэг зуруулах болоход зугтаж байна. Би Б.Хурцын найз, сахал Эрдэнэбилэгийн найз гээд зугтаж байна. Үнэн ирвэл Монгол хөгжинө. Барьцаалагдсан байх юм бол энэ улс хөгжихгүй.
С.Баярын буруу үйлдлээс болоод “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьсан. 500 гаруй сая ам.долларыг барьцаагүйгээр гаргасан. Энийгээ яагаад ярихгүй байгаа юм бэ. Алийн болгон айж амьдрах юм. Энэ танхимд гэмт хэрэг хийсэн гишүүн байхгүй. Эх ороноо бодож сэтгэлээ гаргаач. Худлаа төсөв баталлаа. Мөн байраа сольсон хуурамч Дамбийжаануудыг албан тушаалд тавьчихаад сууж байна. Бид бие, биедээ үнэнийг хэлж байж Монгол хөгжинө. Нээлттэй сонсголоо хийе. Дэмжээч ээ” гэсэн юм.
Ямартаа ч эрхэм гишүүний үг иргэд олон түмэнд таалагддаг ч үнэн эсэх нь эргэлзээтэй байдаг нь нууц биш. ТЕГ-ын дарга асан Б.Хурц эрхэм гишүүнийг үндэслэлгүй мэдээлэл тараасан хэмээн үзэж Сонгинохайрхан дүүргийн Шүүхэд өгөөд байгаа эл хэргийн хэрхэхийг хүлээх л үлдлээ.