Монгол Улс энэ оны эхний есөн сард шар айраг, дарс, архи, виски зэрэг согтууруулах ундааг өмнөх оны мөн үеэс бага хэмжээгээр импортолжээ. Гэхдээ хатуу төрлийн согтууруулах ундааны импортын дүнгээс нэг сонирхолтой зүйл ажиглагдаж байна. Импортын хэмжээ буурсан ч үүнд зарцуулсан мөнгө нь өсжээ.
Тодруулбал, архи, ликёр, виски, коньякны импортын хэмжээ энэ оны эхний есөн сард 3.2 сая литр болж, өмнөх оны мөн үеэс 6.6 хувиар буурсан байна. Харин үнийн дүн нь 24.6 сая ам.долларт хүрч, 12.6 хувиар өсжээ. Өөрөөр хэлбэл, өмнөх оны мөн үеэс бага хэмжээний бүтээгдэхүүн импортолсон ч илүү их мөнгө зарцуулсан гэсэн үг.
Үндэсний статистикийн хорооны мэдээллээс харахад хатуу төрлийн согтууруулах ундааны импортын хэмжээ 2022 онд 5.2 сая литр байжээ. Харин 2023 онд 3.1 сая литр болж буурсан бол 2024 онд 5.1 сая литр болж өсөж, 2025 онд 4.8 сая литр болсон байна. Энэ оны эхний есөн сарын 3.2 сая литр гэсэн үзүүлэлтийг бүтэн жилийн дүнтэй шууд харьцуулах боломжгүй ч өмнөх оны мөн үеэс импорт буурсныг харуулж байна. Шар айраг, дарсны импорт ч мөн буурчээ. Энэ оны эхний есөн сард Монгол Улс 34 сая литр шар айраг импортолсон нь өмнөх оны мөн үеэс 6.1 сая литр буюу 15.1 хувиар бага байна. Үнийн дүн нь 32.1 сая ам.долларт хүрчээ.
Харин дарсны импорт 2.1 сая литр болж, өмнөх оны мөн үеэс 19.3 хувиар буурсан байна. Дарсны импортод зарцуулсан мөнгө 10.3 сая ам.доллар байжээ.
0
0
0
0
0
0