Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр “Бодь” групп Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт 1.5 сая ам.долларын хахууль өгсөн гэх асуудлаар АТГ-т хандаж, холбогдох нотлох баримтуудыг хүлээлгэн өглөө.
Тэрээр 894 хуудас нотлох баримтыг дөрвөн бүлэгт хуваан АТГ-т өгч байгаа гэдгээ хэлсэн юм.
-
Бодь группийн оффтейк гэрээ
-
-
-
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярын бусад авлига
Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлд заасан эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах, 22.4-ийн нийтийн албан тушаалтны хахууль авах, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар АТГ-т гомдол гаргаж, баримтуудыг хүлээлгэн өгч байгаа аж. Б.Энхбаярын авлига авсан 2 цагийн бүтэн бичлэг байгаа гэдгийг тэрээр хэлсэн юм.
Тэрээр хэлэхдээ “Ч.Хүрэлбаатар Эдийн засаг, хөгжлийн сайдаар томилогдоод удаагүй байхад валютын нөөц багассаныг мэдсэн. Шалтгаан нь “Эрдэнэс Тавантолгой”-оос ачигдаж байгаа нүүрсний ихэнх нь Бодийн оффтейк гэрээтэй холбоотой байсан. Ингээд “Эрдэнэс Тавантолгой” дээр онцгой дэглэм тогтоосон.
“Бодь” группийн төмөр зам барих өртөг 600 сая ам.доллар байж байгаад үе шаттай нэмэгдээд 1.3 тэрбум ам.доллар болсон. Хоёр дахин нэмэгдсэн гэсэн үг. Тиймээс ҮАБЗ-өөр нууц гэрээ хийгээд тендергүйгээр гэрээ байгуулсан гэсэн хоёр асуудлаар УИХ-ын Хянан шалгах түр хороо байгуулж, УИХ-ын гишүүн Г.Ганболдоор ахлуулсан. Гэтэл Г.Ганболд гишүүн ажлаа хийхгүй, алга болсон. Ингээд би Б.Энхбаярыг түр хороог ахлах нь зүйтэй гэж үзсэн. Учир нь Б.Энхбаяр Хөгжлийн банкны түр хороог маш сайн ахалсан, мөн өөрөө шударга ёсны илд бамбай болмоор байна гэсэн байр суурийг надад удаа дараа илэрхийлж байсан. Ингээд УИХ 63 дугаар тогтоол баталж Б.Энхбаяраар нүүрсний түр хороог ахлуулсан. 9 хоног сонсгол хийхдээ өнөөдрийн энэ баримттай холбоотой нэг ч зүйл яриагүй, Бодийн оффтейк гэрээтэй холбоотой нэг ч зүйл яриагүй. Энэ бол Б.Энхбаяр эхэлсэн цэгээсээ сонсголын дундуур маш их өөрчлөгдсөн гэдгийг харуулж байгаа юм. Энэ нь улс төрийн шахалт дарамт байв уу, хувийн ашиг сонирхол байна уу гэдгийг би өөрөөс нь тодруулж байсан. Гэтэл улс төрийн шахалт байхгүй гэдгийг өөрөө хэлсэн. Тэр цагаас хойш бид хоёрын дунд үл ойлголцол үүсэж, би Б.Энхбаярт итгэхээ больсон. 2024 оны сонгуулийн дараа сайдаар дахин томилоогүй.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нь "Бодь интернэшнл"-ийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалангаас хоёр хүний хамт байлцаж байгаад 500 мянган ам.долларыг нэг удаа, 800 мянган ам.долларыг нэг удаа нийт 1.3 сая ам.долларыг бэлнээр авсан. Энэ асуудлыг гэрчүүд надад баримттай хэлсэн. Тиймээс би АТГ-т гэрчүүдийн нэр болон баримттай өгч байна. Мөн Б.Энхбаяр Бодь групптэй өмнө нь ч маш их холбоотой байсныг нотлох баримтууд гарч ирсэн. Би үүнийг тухайн үед мэдээгүй байсан. Үүнийг ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Д.Мөнх-Эрдэнэ томилогдсон цагаас ажиглаж эхэлсэн. Д.Мөнх-Эрдэнэ Голомт банканд ажиллаж байсан. Д.Мөнх-Эрдэнийн хамгийн ойрын найз Б.Энхбаяр. Энэ бол томилгоогоор нотлогдож байгаа. Д.Мөнх-Эрдэнэ ЗГХЭГ-т очсон цагаасаа Бодьтой холбоотой баримтуудыг устгах, ЭТТ-той холбоотой цахим мэдээллийн санд өөрчлөлт оруулах, өөрийнхөө намтраас Бодьтой холбоотой баримтуудыг хасах, өөрийнхөө хувьцаа эзэмшлээс татгалзах гэх мэт ажлуудыг хийж байгаа. Сүүлд Дэд сайд болоод 2019-2021 оны замын цагдаагийн камерын мэдээллүүдийг устгах оролдлогыг хийж байгаа гэсэн мэдээллийг би авсан. Хэрвээ энэ хүнийг яаралтай түдгэлзүүлэхгүй бол нотлох баримтуудыг устгана.
Бодь интернэшнлийн оффтейк гэрээ 600 сая ам.доллароос 1.3 тэрбум ам.доллар болж нэмэгдсэн гэж дээр хэлсэн. Анхны гэрээ байгуулагдаад 110 сая ам.доллар “Эрдэнэс Монгол”-оос Тавантолгой төмөр зам руу, “Тавантолгой төмөр зам”-аас Бодь интернэшнл рүү шилжсэн. Энэ мөнгийг оройд нь бэлнээр гаргаж аваад заримыг нь хүүхдийн парк дээр заримыг нь олон нийтийн саунд, зочид буудлуудад, төрийн тусгай хамгаалалттай газруудад гэрээ байгуулахад оролцсон улстөрчдөд хувааж тараасан. Үүнийг ТУЗ-ийн дарга Мэргэн мэдэж байгаа. Миний хувьд үүнийг 110 сая ам.доллароор тогтоогүй гэж үзэж байгаа. Үүнээс Т.Аюурсайхан нэг сая ам.доллар авсан. Энэ нотлох баримтын хамт Т.Аюурсайханыг мөн шалгуулахаар өгч байгаа. Удахгүй Б.Ганхуяг гарч ирж бас янз бүрийн мэдэгдлүүд хийх байх. Би эднийг тохироод орчихсон юм байна гэж бодож байгаа. Яагаад гэвэл хамгийн чухал мэдээллүүдтэй Н.Удаанжаргалыг гадагш нь гаргаад явуулчихсан.
Эд нар Бодийн гарсан нүүрсний тонн тутмаас тодорхой мөнгөн дүн тохирч үргэлжлүүлсэн. Энэ нь багадаа 80-100 сая ам.доллар гарсан байх магадлалтай. Энэ нь явсаар зөвхөн Бодийн нүүрсийг гарга бусдыг хойш тавь гэдэг шахалт болж валютын нөөцөд нөлөөлөх хэмжээнд хүрсэн. Үүнийг АТГ өргөн далайцтай шалгана гэдэгт итгэж байна.
Б.Энхбаяр, Д.Мөнх-Эрдэнэ нар томоохон компаниуд дээр сенсаацыг сенсаацаар дарж, ард нь хахууль авдаг найз нөхдийн, хуульчдын бүлэглэл маягийн зүйл байгуулсан. Мөн "Орано майнинг" компанитай хийсэн хэлэлцээрт ч энэ хуульчид оролцсон. 300 орчим сая төгрөгийн гэрээ хийсэн.
Мөн Б.Энхбаяр УИХ-ын Тусгай хяналтын хорооны даргын ажлыг давхар хийгээд байгаа. Хууль хяналтын байгууллагуудын дотоод төсөв, ҮАБЗ-ийн нууцтай холбоотой төсвийг мэддэг дэд хороог давхар хариуцаад явах нь хуулиар хориотой. Гэтэл Б.Энхбаярт хууль байхгүй, зөвхөн ар тал гэдэг зүйл байна.
Мөн Равдангийн Болд гэж нөхрөөс хуучин нисдэг тэргийг ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Бямбажаргал тэргүүтэй хүмүүстэй тохиролцож шинээр баримт бүрдүүлж худалдаж авсан. Түүнчлэн цагдаагийн алба хаагчдын цалингийн үлдэгдлийг Б.Нямжав гэдэг хүн рүү шилжүүлсэн. Б.Нямжав уяач, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар даргын ойрын найз. Нийт тав орчим тэрбум төгрөгийг аваад мөн тараалт хийсэн. Энэ баримтыг мөн хавсаргаж байгаа.
Энэ бүх нүүрсний мөнгө орон сууц болсон. Арцтын аманд баригдаж байгаа манай нөлөө бүхий улстөрчдийн эзэмшиж байгаа орон сууц. Үүнд Б.Энхбаяр ч мөн хувь эзэмшиж байгаа. Мэдээж нэрээрээ байхгүй. Мөн Land 300 машиныг авсан хэрнээ хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгахгүй унаад явж байгаа” гэлээ.