Хэн нэгэн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт, өргөдлөө өөрийн хүсэлтээр өгвөл асуудлыг маш богино хугацаанд шийдчихдэг жишиг манай улсад бий. Гэтэл зарим нэгэн хүний хүсэлтийг шийдвэрлэхгүй хэдэн сараар нам дарчихдаг ч явдал бас цөөнгүй байна.
Үүний нэг жишээ бол Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Элчин сайд С.Баярын асуудал. Тэрбээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өнгөрөгч долдугаар сарын 22-нд гаргасан байдаг. Гэтэл өнөөдрийг хүртэл түүний асуудлыг шийдсэнгүй, хэн нэгэн ч дурссангүй.
Оюутолгойн хууль бус гэрээ, үл хөдлөхийн маргаантай асуудалд нэр холбогдсон С.Баярын хүсэлтийг хэн шийдэх нь тодорхойгүй, уг асуудал хаана гацсан нь ч тодорхой бус байсаар дөрөв дэх сартайгаа золгож байна. Чухам юуны учир С.Баярын хүсэлтийг хав дарж, дараагийн элчингийн асуудлыг сөхөхгүй удаж байгаа нь хачирхалтай.
Дашрамд сонирхуулахад, С.Баяр нь энэ оны гуравдугаар сарын 1-ний өдөр Хатан хаан II Элизабетэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан. Монгол Улс тус улстай 1963 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд Элчин сайд С.Баяр хоёр дипломат харилцаа тогтоосноос хойш Итгэмжлэх жуух бичгээ барьсан Монгол Улсын 13 дахь Элчин сайд болсон юм.