БНСУ-д Элчин сайдаар томилогдохоор нэр дэвшсэн Б.Хурцын асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн санаачилгаар нээлттэй сонсгол явуулах хүсэлтийг УИХ-ын 21 гишүүн дэмжив. Энэ асуудлыг өнөөдөр УИХ дахь Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, УИХ-ын чуулганаар Элчин сайдыг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцэхээс өмнө нээлттэй сонсгол явуулахаар болсон юм.
Нээлттэй сонсголыг тус байнгын хорооны дарга О.Содбилэг ахлах бөгөөд УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Т.Аюурсайхан, Л.Болд, Н.Номтойбаяр, О.Баасанхүү, Б.Энх-Амгалан нарын бүрэлдэхүүнтэй сонсгол зохион байгуулах Ажлын хэсэг байгуулав.
Дашрамд мэдээлэхэд, нээлттэй сонсгол явуулах хүсэлт ирснээс хойш 14 хоногийн дотор товлон хуралдуулах, яаралтай тохиолдолд цаг зарлан нээлттэй сонсголыг зохион байгуулах боломжтой байдаг.