Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвшигчдийн хандивын тайланг олон нийтэд ил болголоо. Аудитын ерөнхий газраас мэдээлснээр, МАН-ын дарга М.Энхболдод 2200 иргэн 1-3 хүртэл сая төгрөгийн хандив өгчээ. Нийт түүнд гурван тэрбум 313,5 сая төгрөгийн хандив цугларсан байна. Харин Ерөнхийлөгч Х.Баттулгад нийт 1101 иргэнээс 1-3 сая төгрөгийн хандив өгсөн бол МАХН-ын дэд дарга С.Ганбаатарт нийт 1062 иргэн хандив өгчээ.
Хандив өгсөн аж ахуйн нэгж байгууллагыг “Монос” групп тэргүүлжээ. Тодруулбал, тус группын охин компани болох “Монос косметик” ХХК, “Монос фарм” ХХК, “Монос хүнс” ХХК-иуд нийт 45 сая төгрөгийг хандивласан байна. Мөн Х.Баттулгад “Монос Улаанбаатар” ХХК, “Монос фарм” ХХК-иуд тус бүр 15 буюу нийт 30 сая төгрөгийн хандив өгчээ.
Түүнчлэн МАН-ын дарга М.Энхболдод “Макс групп” ХХК, “М-Си-Эс” проперти, “Эм-Си-Эс Кока кола”, “Юнител” ХХК, “Юнивишн” ХХК зэрэг 17 аж ахуй нэгжээс 217,9 сая төгрөг хандивласан байна. Х.Баттулгад “Бодь интернэшнл” ХХК, “Талх чихэр” ХК, “Милл хаус” ХХК, “Мах импекс” ХХК зэрэг 18 аж ахуй нэгжээс 250 сая төгрөг тус тус хандивлажээ. Харин МАХН-ын дэд дарга С.Ганбаатарт “Бумо” ХХК, “Метротрейд” гэсэн хоёр аж ахуй нэгжээс тус бүр 15 сая, нийт 30 сая төгрөг хандивлажээ.