НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан өнөөдөр хуралдахаар тов гарсан. Хуралдаанаар Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах, НИТХ-ын ээлжит бус хуралдаан зарлах тухай, Хотын дүрмийг боловсруулах ажлын хэсэг байгуулах, Ойг тэмдэглэх зөвшөөрөл тухай, Нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг шилжүүлэн байршуулах асуудлын төслийг боловсруулах тухай гэх зэрэг маш чухал асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч хуралдсангүй.
Учир нь тэргүүлэгч нар хуралдаанд ирээгүйн улмаас ирц бүрдээгүй шалтгаанаар энэ удаагийн Тэргүүлэгчдийн хурал хойшиллоо. Харин НИТХ-ын дарга С.Амарсайхан "НИТХ-ын тэргүүлэгчээр сонгогдон Нийслэлчүүдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэн ажиллана гэж өөрийн санал, итгэл үнэмшлээр хандан Хурлын тэргүүлэгчээр сонгогдсон атлаа ялих шалихгүй шалтгаанаар тэргүүлэгчийн ажлаа хойш нь тавьж байгаа нь харамсалтай. НИТХ-ын зүгээс Нийслэлчүүдийн ажил амьдралыг цаг алдалгүй явуулахын тулд шаардлагатай арга хэмжээг авч ажиллана гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна" хэмээн нэлээд бухимдангуй хэлсэн юм.
Нийслэлийн иргэдийн итгэлийг хүлээж сонгогдсон НИТХ-ын Тэргүүлэгчдийн төлөөлөгч нарт иргэдээ гэх сэтгэл дутаад байна уу эсвэл дарга С.Амарсайханаа хүлээн зөвшөөрч чадахгүй байна уу гэх хардлага байгааг нуух юун. Ямартаа ч НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан ийнхүү дахин хойшиллоо.