Төв шуудангийн өмнөх Ардчилсан намын байрны гадаа тус намын Баянзүрх дүүргийн хорооны гишүүдийн жагсаал хоёр дахь өдрөө үргэлжлэв. Тэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009, 2013, 2017 оны сонгууль, 2012 оны бүх шатны сонгууль, 2016 оны Орон нутгийн сонгуульд ялалт байгуулсан биднийг Ардчилсан намын дарга С.Эрдэнэ үл ойшоож удаа дараагийн хууль бус шийдвэр гаргасан. Тйимээс Баянзүрх дүүргийн намын хорооны гишүүд, дэмжигчид бид төв намын удирдлагат хүргүүлсэн шаардлагынхаа хариуг авахаар жагсаж байгаагаа онцолж байв.
Жагсагчид “С.Эрдэнэ Ерөнхийлөгчийн сонгуульд ажилласан гишүүдийнхээ урамшууллыг олго”, “Ардчилсан нам бодлогын нам болохоос боссын нам биш”, “Ардчилсан намын дарга С.Эрдэнэ намын дүрмээ зөрчихөө зогсоо” гэсэн үг бичсэн лоозон барьжээ.
Ийн лоозон барьж жагсаж байгаа нь “намын удирдлага удаа дараа үндсэн дүрмээ зөрчиж, шийдвэр гаргаж байгаад бид бухимдалтай байгаа. Энэ асуудлаар өмнө шаардлага хүргүүлсэн. Шаардлагынхаа хариуг авахаар тайван жагсаал зохион байгуулж байна. Дотоод сонгууль явуулахтай холбогдуулж, бидний эрх зөрчигдөж байна. 2017 онд дотоод сонгууль хийхэд бид бүгд саналаа өгөх эрхтэй байсан. Энэ удаад дотоод сонгууль болоход нэр дэвшсэн гишүүдийг маань хаслаа, санал өгөх эрхийг боомиллоо. Харин оронд нь Ардын намын гишүүдийг гишүүн болгож, санал өгүүлэхээр болж байгаа. Дүүргийн намын хорооны Хэрэг эрхлэх газрын даргаар хар тамхичин хүнийг хууль бусаар томилсон” гэлээ.
Мөн зөвхөн Баянзүрх дүүргийн намын хорооны Ерөнхийлөгчийн сонгуульд ажилласан гишүүдийн хоол, унааны урамшууллыг өнөөдрийг хүртэл өгөөгүй байгаад бухимдалтай байгаа аж. Түүнчлэн С.Эрдэнийг намын дарга болгоход өөрийн санал, хувь нэмрээ оруулсан олон зуун гишүүнийг ротац нэрийн дор хоморголон сольж, өөрийн цүнх баригчид, нийгмийн даатгалын газраас халагдсан хүмүүсийг оруулахаар улайрч байгаад ихэд харамсч байгаа хэлж байсан юм.