ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нар өмнө нь LRT төслөөс болж ам зөрж байсан бол энэ удаад татварын асуудлаар нэгэндээ хандан жиргэх боллоо.
Тодруулбал Татварын Ерөнхий Газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл "Петрочайна дачин тамсаг" ХХК-д тавьсан татварын актыг дөрвөн жил "дарсан" талаарх баримт бичиг ил болсон.
Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Татварынхан 700 тэрбумын татварыг “уучилсан” нь өнөөдөр ил болж байна. Прокуророор хянуулахгүй, тийм хуулийг УИХ-аар оруулж ирдэггүй эсэргүүцдэг нөхөр бол Ч.Хүрэлбаатар. Яагаад” гэж жиргэсэн бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд “Б.Энхбаяр аа, татварын гэмт хэрэг үйлдэгдсэн бол мөрдөн байцаагчид, прокурор, шүүх ажлаа хийх нь нээлттэй хэвээрээ байгаа. Мэдсээр байж нийгэмд гүтгэлэг тараах хэрэг байгаа юм уу. Харин татварын жижиг зөрчлөөр хэдэн ААН-үүдээ эрүүгийн гэмт хэрэгтэн болгож шоронжуулах шаардлагагүй” гэжээ.