УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2023.04.17/ ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдааны дараа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өгөв.
Энэ удаагийн бүлгийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс УИХ-д өргөн мэдүүлсэн Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцжээ.
Хуулийн төслийг дараах дөрвөн онцлогтой байхаар боловсруулсан байна.
1. УИХ-ын сонгуульд хоёр дараалан оролцоогүй тохиолдолд идэвхгүй байдалд шилжүүлэх, улмаар хариуцлага тооцож, тараах зэрэг арга хэмжээ авах шаардлагатай талаар хуулийн төсөлд тусгасан.
2. Улс төрийн намууд нь улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах ёстой.
3. Улс төрийн намуудын санхүүжилтийг ил тод, нээлттэй болгох, тайлангаа гаргаж, аудитын байгууллагаар дүгнүүлдэг тогтолцоог бий болгох талаар хуульд тусгасан.
4. Улс төрийн намыг бүртгэх, үйл ажиллагаанд нь хяналт тавих чиг үүргийг СЕХ-нд хариуцуулж байна.
Хуулийн төслийг бүлгийн хуралдаанаар хэлэлцээд, хэлэлцэх эсэхийг дэмжих нь зүйтэй гэж үзсэн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээллийнхээ үеэр тодотголоо.