УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгуулж, бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ж.Батсуурь, Д.Ганбат нар мэдээлэл өгөв. Тэд МАН-ын сүүлийн найман жилд хийсэн ажлуудад шүүмжлэлтэй хандсан юм. Тухайлбал,
-МАН сүүлийн найман жилийн турш амьдралыг улам доройтуулж, авлига улам газар авлаа. Байнгын хороо, чуулганаа хуралдуулахыг хүсэж байна.
Цар тахлын жилүүдэд нийт 20 их наяд төгрөг үрсэн. Гэтэл энэ мөнгө иргэдэд хүрээгүй. Орой бүр телевизээр бүх зүйл болж, бүтэж байна гээд л мэдээлээд байх юм. Аль 20 жилий өмнөх хүн амины хэрэг, өөр хүмүүсээс болж л өнөөгийн нийгэм ийм дүр төрхтэй болсон гэж ярьсаар байна.
УИХ-ын гишүүн Д.Ганбат:
-Сүүлийн найман жилд амьдрал дээшилсэнгүй, үүнийг Эрээн рүү гарч буй иргэдээс харж болно. Өнөөдөр инээдмийн баярын өдөр. Сүүлийн найман жилийн турш өдөр бүр инээдмийн баяр байв. Эрх баригчид мөрийн хөтөлбөрөө 60-70 хувийн биелэлттэй гэв. Уг нь УИХ-д дийлэнх олонх болж, бүтэн найман жилийн турш төр барьсан тул үүнээс өндөр хувиар биелүүлэх боломж байв.
Сүүлийн найман жилд музей, хөшөө, контентыг л хамгийн их хийж, зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үүнд нь автлаа. Нэг ч том үйлдвэр ашиглалтад оруулаагүй тул 300 мянган хүн гадаадад амьдарч байна. Бусад улсуудад амьдрал ямар байгааг бид харж байна гэв.