Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах" хуулийн төслийг боловсруулж буй талаараа ЕТГ-аар дамжуулан мэдэгдсэн байдаг. Тэгвэл УИХ-ын гишүүн, "Үндэсний эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаяр байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр,
-2023 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр засаглалын зохист тэнцвэр тогтоогүй алдаа засагдаагүй ба парламент, Ерөнхийлөгчийн институцийн хооронд Шүүх, Засгийн газар, Үндсэн хуулийн цэцийн жинхэнэ "ЭЗЭН" нь хэн байх вэ гэсэн эрх мэдлийн далд зөрчил, тэмцэл тасралтгүй өрнөдөг хэвээр байна.
Энэхүү тэмцэл нь Монголын улс төрийн сүүлийн 30 гаруй жилийн салшгүй нэг хэсэг байсаар ирсэн. Ялангуяа анхны Ерөнхийлөгчөөс хойшхи бүх Ерөнхийлөгч эрх мэдлийн шунал, мөн шударга бусаар хөлжсөн үйлдлүүдийнхээ төлөө хуулийн хариуцлага хүлээх айдаст автаж төрийн бүх эрх мэдлийг өөрийн эрхшээлдээ атгахыг эрмэлзэж ирсэн нь нууц биш. Сиймхий л гармагц парламентыг харлуулж, Ерөнхийлөгчийн институцийг парламентаас илүү эрх мэдэлтэй болгох "ХААН" чөтгөрийн атгаг санаархал улс төрийн түүхэнд удаа дараа илэрч ирснийг бид бүгд маш сайн мэднэ.
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барихаар зэхэж буй "Улсын Их Хурлын гишүүнийг ёс зүйн алдаагаар эгүүлэн татах" агуулга бүхий хуулийн төсөл нь гал дээр тос нэмэхтэй адил үр дагавар дагуулж, улс төрийн зөрчил тэмцлийг улам өдөөж, эв нэгдэлд тулгуурласан ардчилсан парламентад төрийг сулруулах аюултай гэж үзэж байгаа тул дэмжихгүй.
"Ёс зүйн алдаа" гэх тодорхой бус, харьцангуй ойлголтоор парламентын гишүүний үг, үзэл бодлоо хүссэн өнгө аясаараа, айдасгүйгээр, чөлөөтэй илэрхийлэх эрхийг хязгаарлаж, бүрэн эрхийг дуусгавар болгох бололцоо нээгдэх нь улс төрийн дарамт, нөлөөллийн шинэ хэрэгсэл болж хувирах бодит эрсдэлтэй юм.
Хэрэв энэ хууль өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байсан бол миний бие "нохой..." гэж ардын үг эш татаж хэлснийг Үндсэн хуулийн цэц "УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг нохойтой адилтган гутаан доромжиллоо. Энэ бол "ёс зүйн алдаа" хэмээн гишүүний бүрэн эрхийг дуусгавар болгох шийдвэр гаргахыг үгүйсгэх аргагүй гэжээ.
Дэлгэрэнгүйг https://www.facebook.com/share/p/1BBahFsgza/
0
0
0
0
0
0