Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байрны гадаа Засаг дарга С.Батболд, НИТХ бүрэлдэхүүнээ огцрохыг шаардсан тайван жагсаал болж байна. Тэд Нийслэлийн Засаг дарга, НИТХ-ыг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорох ёстой хэмээн үзэж байгаа аж. Жагсагчид Су.Батболд БЗД-ийн Засаг даргыг томилолгүй өнөөг хүрсэн нь хуулиудаас давсан шийдвэр, мөн түүний хууль бус шийдвэрээс үүдэн өнгөрсөн 3-р сард цагдаа, иргэний хооронд мөргөлдөөн үүсч 10 иргэн эрүүл мэндээрээ хохирсон, Нийслэлийн Засаг даргын хууль бус шийдвэрээс болж БЗД-ийн Газрын албаны дарга тамгаа авч зугтаасан нь олон иргэний эрхийг ноцтой зөрчжээ.
Мөн Засаг даргын шийдвэрээс болж 2000 орчим төрийн албан хаагч ажилгүйчүүдийн эгнээнд шилжсэн, МАН хууль ёсоор БЗД-ийг засаглах боломжгүй болсон учраас дүүргийг 2 хуваахаар шийдвэрлэсэн, НИТХ-ын дарга Ц.Сандуйтай холбоотой “60 тэрбумын бичлэг”, оффшор бүсэд төрсөн дүүнд данстай зэрэг зургаан зүйл үндэслэлээр тайлбарлаж байна. Мөн долоо дахь үндэслэл болгон нийслэлийн 500 мянган иргэний эсэргүүцлийн гарын үсэг цуглуулж эхэлжээ.
Жагсаалд оролцож байгаа иргэдийн санал, байр суурийг сонслоо.
Баянзүрх дүүргийн X хорооны иргэн Т.Батцогт “Өнгөрсөн жилийн хугацаанд нийслэл хотод маань ямар өөрчлөлт хийгдэж, ямар бүтээн байгуулалт бий болов гээд харахаар иргэдийн эрх ашгийг хөндсөн шийдвэр гарч, уур бухимдлыг нэмснээс өөр зүйл алга. Жилийн хугацаанд үндэслэлгүй шийдвэр гаргаж, хууль зөрчсөн нь НИТХ-ыг тараах, С.Батболдыг огцруулах хангалттай үндэслэл болж байна гэж бид үзэж байна” гэсэн юм.
Баянзүрх дүүргийн XI хорооны иргэн Б.Булган “Нийслэлийн Засаг дарга Су.Батболд нь Үндсэн хууль болон бусад хуулиас давсан шийдвэр гаргаж 2016 оны Орон нутгийн сонгуулиар Баянзүрх дүүргийн ард иргэдээс сонгогдсон ИТХ-ын төлөөлөгч нарын хууль ёсны эрхэнд илт халдсан. Жишээлбэл, бүрэн эрхийнхээ хүрээнд Баянзүрх дүүргийн ИТХ хуралдаж удаа дараа Дүүргийн Засаг даргад эрх бүхий хүнийг хуулийн хүрээнд нэр дэвшүүлж байхад одоог болтол батлалгүй улс төржүүлсээр байгаа. Баянзүрх дүүрэгт заавал МАН ялах ёстой мэт авирлаж буй хэт улс төржсөн хууль бус үйлдлээ зогсоож хуулийн хүрээнд шийдвэртэй алхамыг Нийслэлийн Засаг Дарга Су.Батболд хийсэнгүй өдий хүрлээ. Су.Батболд, НИТХ бүрэлдэхүүнээрээ огцрохыг шаардаж байна” гэв.
Тус дүүргийн V хорооны иргэн С.Балдандорж “Су.Батболдын хууль бус шийдвэрээс болж Баянзүрх дүүргийн газрын албаны дарга тамгаа авч зугтасан нь Баянзүрх дүүргийн олон мянган иргэдийн эрх ашгийг зөрчиж байна. Өнөөдрийг хүртэл газрын гэрчилгээгээ аваагүй, албан ёсоор асуудлуудаа шийдүүлээгүй олон мянган иргэд байна. Нийслэлийн МАН 2016 онд сонгуульд нэр дэвшихдээ “Аз Жаргалтай-Улаанбаатар” гэх мөрийн хөтөлбөрийг дэвшүүлж ялсан. Су.Батболд 2016 оноос хойш хотыг удирдлаа. Юу шийдэв. Нийтийн эзэмшлийн газрыг наймаалцдаг өмнөх дарга нарынхаа залгамж ажлыг л хийлээ. Нийслэлд залуучууд болоод жуулчидын очиж зугаалдаг байсан Их дэлгүүр орчмын цэцэрлэгт хүрээлэнгээс эхлээд ил далд нурааж, хулгайлж байгаа олон тод жишээ байна. Тиймээс бид хотын даргыг огцрохыг шаардаж тайван жагсаал хийж байгаа юм” гэлээ.