Гандан орчимд 1.8 га газрыг чөлөөлж тохижилт бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах болон айлуудыг газан хэрэглээнд шилжүүлж байгаа талаар хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл өглөө. Нийслэлээс Ганданд 55 айлын газрыг чөлөөлж, ногоон байгууламж болгох ажлыг 2025 онд эхлүүлсэн. Гандангийн зүүн хаалганаас доош буусан тохижилтууд хийж, гүүрэн байгууламжаар Урт цагаан хүрэх зураг төслийг гаргасан. Өнөөдрийн байдлаар 40 гаруй айлын газрыг нөхөх олговортой чөлөөлсөн. Үнэлгээ оруулахгүй байсан 3 айлтай ойлголцож, дахин үнэлгээ хийж байгаа. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот түүхэн эртний барилга Гандан хийдийг тойрсон томоохон цэцэрлэгт хүрээлэнтэй болох аж.
Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар “Гандан орчим нийт 55 га газартай. 5-10 жилийн хугацаанд Ганданг чөлөөлж, хотын төвдөө ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэнтэй болно. Тухайн хэсэгт зөвхөн төв Гандан л үлдэнэ. Хотын төвд Гандан орчим гэр хороолол хэлбэрээрээ байх нь зохимжгүй. Японы Токио хот эзэн хааны ордноо тойрсон том цэцэрлэгт хүрээлэнг хийхдээ 100 жил болсон гэж хот төлөвлөгч нар хэлдэг. Иймэрхүү жишээнүүд дэлхийн хотуудад байдаг. Мөн Гандан орчим хөрсний бохирдол ихтэй. Удахгүй НИТХ-аар чөлөөлөх тогтоолыг батлуулна” гэлээ.
0
0
0
0
0
0