Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатар өөрийн цахим хуудсаараа дамжуулан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв.
Тэрбээр, “Баянзүрх дүүргийн төрийн албан хаагчид Э.Бат-Амгалангийн захиалгаар жагсаал маягийн юм хийж байна. Тавьж байгаа шаардлага нь Баянзүрх дүүргээс их мөнгө төвлөрүүлж байна, хөгжихгүй байна гэж байгаа боловч эзнийхээ хулгай, луйврыг хаацайлж, мөрийг бүдгэрүүлэх үйл ажиллагаа явуулж байна. Үүнийгээ больцгоо. Энэ жил Баянзүрх дүүрэг 186 тэрбум төгрөгийг нийслэлд төвлөрүүлж өгнө. Буцаагаад хөрөнгө оруулалтын төсвийг 180 орчим тэрбум байхаар тогтоосон. Учир нь тус дүүрэг хүн ам ихтэй, зах худалдааны төв ихтэй учраас бид орлогыг бүрэн төвлөрүүлэх ажлыг хэрэгжүүлнэ. Сүхбаатар дүүрэг Баянзүрхээс жижиг газар дэвсгэртэй мөртлөө нийслэлд 600 гаруй тэрбумыг төвлөрүүлдэг тогтсон уламжлалтай. Баянзүрх дүүргийн татварын орлого нэмэгдүүлэх арга бий. Энэ нь Богд Хан уулын аманд баригдсан амины орон сууцуудаас татвар авах ажиллагаа хэрэгжиж эхэлнэ.
Өнөөдрийн жагсаал бол татвартай холбоогүй. Энэ нь Баянзүрх дүүргийн МАН-ын дарга, Барилга, хот байгуулалтын сайд, УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан болон түүний хамаарал бүхий хүмүүсийн хулгай, луйврыг өөр чиглэлд шилжүүлэх гэж оролдож байгаа оролдлого. Төрийн албан хаагч, хорооны дарга, хэсгийн ахлагчдыг энэ үйлдлээ зогсоохгүй бол Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу дүүргийн засаг даргаас эхлээд бусад чөлөөлж болох бүх хүмүүсийг Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн гэж үзэж тохирох шийдвэрийг гаргана. Би энэ жагсаад байгаа нөхдүүдэд санууллаа шүү. Дараа нь гоншигоноод байв. Энэ тэнд битгий анкетаа барьж гүйгээд байгаарай.
Би ажил ихтэй. Та нар шиг завтай хүн биш. Нийслэлийн бүтээн байгуулалтын ажлыг хэрхэн эрчимжүүлэх тал дээр төвлөрч ажиллаж байна. Э.Бат-Амгалан гуайд хандаж хэлэхэд ямар их шунал, тачаал вэ? Тэгж их шунаад байвал миний хэлсэн хоёр аргаар энэ албан тушаалаа ав. Хүмүүсээс хулгайлсан мөнгөө өг. "Зэс Эрдэнийн хувь" компанийн ард намайг байгаа гэж ярьж байна. Бүгдийнх нь эзнийг зарлаж чадна. Би Эрдэнэтэд таван удаа очиж байсан. Тэгэхдээ атга шороо ч атгаж үзээгүй.
Э.Бат-Амгалан сайд аа битгий манай гэр бүлийн хүн рүү юм бичиж дарамтла. Надтай хэрэлдэх мөрөөрөө хэрэлд. Эхнэр, хүүхэд, гэр бүл рүү орохоо боль. Хүн шунаж болно, гэхдээ арай хэтэрч байна шүү гэв.
0
0
0
0
0
0