УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.8 дахь хэсэгт “Дэд хорооны бүрэлдэхүүнд орсон гишүүн харьяалагдах Байнгын хорооны бүрэлдэхүүнээс гарвал тухайн дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлөгдсөнд тооцно” гэж заасны дагуу Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнээс УИХ-ын гишүүн Гомбожавын Занданшатар, Дамдины Цогтбаатар нар чөлөөлөгдсөн.
Иймд тус хорооны бүрэлдэхүүнд МАН-ын бүлгээс УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Б.Энх-Амгалан, АН-ын бүлгээс УИХ-ын гишүүн Л.Болдын нэрийг тус тус дэвшүүлсэн. Мөн УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Д.Оюунхорол нар Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд орох саналаа гаргаад байсан. Уг асуудлаар байнгын хорооны хуралдаанд гаргасан горимын саналын дагуу нууц санал хураалт явуулахад УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Б.Энх-Амгалан нар олонхийн санал авч дэмжигдсэн билээ.
Байнгын хорооны хуралдаанаар дэмжигдсэн саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 78 хувь нь дэмжсэн учир Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнээс УИХ-ын гишүүн Гомбожавын Занданшатар, Дамдины Цогтбаатар нарыг чөлөөлж, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Б.Энх-Амгалан нарыг Тусгай хяналтын дэд хорооны гишүүнээр томиллоо.