УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2017 оны үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүдээс асуулт асууж хариулт авсан юм. Тухайлбал, Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас нэг хүнд ногдох ДНБ өссөн эсэх болоод өрийн асуудлыг УИХ-ын гишүүн Н.Тэмүүлэн асуув.
Ч.Хүрэлбаатар “Эдийн засгийн өсөлтийг бид 5.1 хувьд хүргэсэн. Нэг хүнд оногдох орлогоор эдийн засгийн өсөлтийг дүгнэх хэрэгтэй гэдэгтэй санал нэг байна. Нэг хүнд оногдох ДНБ 2015 онд 7.1 сая, 2016, 7.9 сая, 2017 онд 8.7 сая төгрөг болсон. Ирэх жил энэ бүгд өснө. Төгрөгийн ханш цаашдаа чангарна. Хөрөнгө оруулалт нэмэгдэнэ. 14.1 их наяд төгрөгийн зээл олгосон. Зээлийн хүү буурсан байгаа нь эдийн засгийн үзүүлэлт сайжирна” гэсэн юм.