УИХ дахь Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ.Тодруулбал,“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо. Үндсэн чиглэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авсан юм. Тухайлбал,
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл:
-Эмч сувилагч нарын төлөөлөл Сүхбаатарын талбай дээр суулт зарлаад хэд хонож байна. Бид энэ талаар чимээгүй суугаад байж болохгүй. Байнгын хороо энэ асуудлаар тодорхой байр сууриа илэрхийлэх ёстой. МАН-ын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт боловсрол, эрүүл мэндийн салбарын ажил хөдөлмөрийг ажлын үр дүнтэй нь уялдуулан цалинг нь олгоно гэсэн. Энэ нь цалин нэмэх бус хөдөлмөрийн нөхцөл, үр дүнтэй холбох учиртай. Эрүүл мэндийн цалингийн фондыг 73 тэрбум төгрөгөөр жил бүр нэмэгдүүлбэл ажлын үр дүнтэй цалинг нь уялдуулах боломжтой. Түүнээс нийтэд нь хавтгайруулж 5-10 хувиар цалин нэмэх нь үр дүнтэй арга биш юм. Энэ асуудлыг Эрүүл мэндийн яам дангаараа шийдэхгүй.
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа:
-Д.Сарангэрэл гишүүний тавьж байгаа асуудлыг дэмжиж байна. Манай шинжлэх ухааны байгууллагын ажиллагсад судалгаан дээр сууж байгаа юм билээ. Багш нарын үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүн н.Батзориг ирж уулзаад “Маргаашаас сувилагч нарын ажил хаялтад багш нар нэмж сууна. Хичээл тараад амралт эхлэхийн өмнө цалингийн асуудлаа шийдүүлэхгүй бол гурван сарын дараа ямар ч асуудал шийдээгүй байна. Хэрвээ шийдвэрлэхгүй бол намар хичээлийн шинэ жил эхлүүлэхгүй байх хүртэл арга хэмжээ авна” гэсэн. Миний хувьд “Шантааж маягаар асуудалд хандаж болохгүй. Засгийн газар асуудлыг шийдэхээр хэлэлцэж байгаа” гэлээ.