Дархан-Уул аймгийн 8 бахархлын нэг болох Бурхан багшийн сэрэг дүрийг сэргээн засварлахаар төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран засварын ажлаа эхлүүлээд байна. Төрөлх Дархан хотдоо Будда бурхан багш залах гэсэн нутгийн иргэдийн санаачилгаар Дархан хотын төвд орших Давхар өндөрлөгт хойд зүгийн бурхан багшийн сэрэг дүрийг уран барималч Д.Дамдинпүрэв тэргүүтэй барималчид 2 сар гаруй хугацаанд урлан 2008 оны 10 дугаар 12- нд нээлтээ хийж байжээ.
Бурхан багшийг баруун гараа өвдөг дээрээ тавьж зүүн гараа бадар аяга барьсан бурхны тайван амгалан дүрийг 1 м өндөр цагаан гантиг суурин дээр цагаан лянхуа цэцгэн дэнд урд зүгийг тольдон суугаа байдлаар бүтээжээ. Дарханчуудын хандив болох 650 гаруй сая төгрөгөөр хийгдсэн энэхүү бүтээн байгуулалтыг төрийн болон төрийн бус байгууллагууд нэгдэн хамтын хүчээр сэргээн засварлахаар болжээ.
Урд зүгийг тольдон суугаа бурхан багшийн дүрийг сэргээн засварлах ажилд С.Батсүх захиралтай “Бугант нандин” ХХК, Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн “Хатан ухаан шүтэхүй” ТББ, Хараагийн Дарь эх ламын Гэцогдаржаалин хийд, 4 дүгээр сургуулийн 88 оны төгсөгчид, “Мошпа” ТББ, НААҮГ, “Талс өргөө” ХХК, ОБГ, “ДДС” ТӨХК гэсэн 9-н байгууллага хамтран ажиллаж энэ сарын 17-нд засварын ажлаа дуусган хүлээлгэн өгөхөөр болжээ.
Эх сурвалж: Darkhan.gov.mn
0
0
0
0
0
0