Нийслэлийн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын дарга Б.Амартүвшинг өчигдөр албан өрөөнд нь үл таних этгээд хутгалж, амь насанд нь заналхийлсэн хэрэг гарсан. Тус хэргийг үйлдсэн иргэн И анх угтах үйлчилгээний ажилтнаас дүүргийн Засаг даргыг асууж орж ирсэн гэнэ. Тухайн үед дүүргийн Засаг дарга хуралтай байсан тул Тамгын газрын даргын өрөөг зааж өгчээ.
Сэжигтэн И дүүргийн Тамгын газрын Шагнал, төрийн албан хаагчийн ёс зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Бадам-Очирыг үг хэлүүлэхгүй шууд цохисон бөгөөд энэ үед Тамгын газрын дарга Б.Амартүвшин зохих шаардлагыг тавихад түүнийг хутгалсан байна.
2018 он гарснаар иргэн Б.И-гээс Баянзүрх дүүргийн Засаг дарга болон Засаг даргын Тамгын газарт жагсаал, цуглаан зохион байгуулах мөн уулзах ямар нэгэн өргөдөл, хүсэлт ирүүлээгүй байна. Мөн сэжигтэн дүүргийн Тамгын газарт ирж хэлтэс, албадын дарга болон холбогдох мэргэжилтнүүдтэй өмнө нь огт уулзаж байгаагүйг дүүргийн Тамгын газрын албан хаагчид хэлж байгаа юм.
Биедээ ахуйн зориулалтын хутга авч яван тэмтэрч үзэж байгаа бичлэг нь дүүргийн хяналтын камерт хадгалагдсан байна.
Иймд түүнийг анхнаасаа ‘’Хүн хутгалах зорилго’’-той орж ирсэн гэж харж байгаа бөгөөд сэжигтэн И нь хутгалсан даруйдаа хутгаа хэрэг гарсан өрөөний цонхоор шидсэнийг дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн албан хаагчид илрүүлсэн юм.
Харин уг хэргийг санаатайгаар зохион байгуулж дүүргийн Тамгын газрын даргыг Засаг дарга гэж андууран ‘’Бай’’-гаа оноогүй халдлага хийсэн гэх хардлага төрж байгаа юм.
Одоогийн байдлаар тус хэрэг мөрдөн байцаалтын шатандаа явж байгаа бөгөөд хохирогч Б.Амартүвшин цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчүүлж байна.