АШУҮИС-ийн дэргэдэх Монгол-Японы Сургалтын эмнэлгийн амбулатори өнөөдрөөс ажиллаж эхэллээ. Хоёр улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны биелэл болох, иж бүрэн тоног төхөөрөмж бүхий Монгол-Япон сургалтын эмнэлгийн нээлтийн ёслол өчигдөр боллоо.
Нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, салбарын сайд Д.Сарангэрэл, Япон улсын Гадаад хэргийн сайд, ноён Коно Таро болон УИХ-ын гишүүн Д. Цогтбаатар , Б. Саранчимэг, М. Оюунчимэг нар оролцлоо.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Монгол улс харьцангуй богино хугацаанд ардчилал, зах зээлийн эдийн засгийн үнэт зүйлсийг төлөвшүүлж, өнөөгийн хөгжлийн түвшинд хүрч чадсан. Бидэнд ололт амжилт, алдаа дутагдал аль аль нь байгаа. Ололт, амжилтаасаа хуваалцах ёстой эрхэм нөхөд бол Япон улсын ард иргэд, засгийн газар гэж үздэг” гэж хэлсэн юм.
Монгол-Япон сургалтын эмнэлэг монголын анхны их сургуулийн дэргэдэх эмнэлэг болж байгаагаараа онцлогтой ба сургалт-судалгаа-оношилгоо, эмчилгээний гурвалсан чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Япон улсын Гадаад хэргийн сайд, ноён Коно Таро “Тус эмнэлэг Монголын анагаах ухааны түүхэнд шинэ хуудсыг нээх юм гэж би бодоогүй. Хамгийн дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж бүхий уг эмнэлэг нь Япон маягийн сургалт, эмчилгээний үйлчилгээг тусгасан байх юм. Ийнхүү хоёр талын хамтын ажиллагааны явцад Монголын эмчилгээ, эрүүл мэндийн салбар сайжирна гэдэгт итгэлтэй байна” хэмээн хэлсэн юм.
АШУҮИС-ийн харьяа Монгол Япон сургалтын эмнэлэгт мэс засал, дотор, хүүхэд, эмэгтэйчүүд болон сэхээн амьдруулах, яаралтай тусламж зэрэг нийт 17 чиглэлийн төрөлжсөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх аж.
Мөн түүнчлэн Япон улсын буцалтгүй тусламжаар 360 гаруй нэр төрлийн тоног төхөөрөмж нийлүүлж байгаагийн дотор хамгийн сүүлийн үеийн өндөр хүчин чадал бүхий МЯ1, КТ зэрэг дүрс оношилгооны тоног төхөөрөмж, судсан дотуурх оношилгооны иж бүрдэл, лабораторийн бүрэн автомат анализатор болон бусад тоног төхөөрөмжтэй орчин үеийн шинэ техник технологи бүхий дэлхийн жишигт нийцсэн эмнэлэг болж байгаа юм.
Энэхүү эмнэлэг ашиглалтад орсноор манай улсын иргэд гадаад улсыг зорьж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах урсгал буурч, давхар зардал гаргадаг явдал багасна гэдгийг салбарын сайд болон Монгол Улсын Ерөнхий сайд онцлов.