Орон нутгийн цагаар тавдугаар сарын 8-ны үдийн үеэр Хятад улсын дарга Ши Жиньпин, Сербийн ерөнхийлөгч Александар Вучич нар Белград дахь Сербийн ордонд хэлэлцээ хийснийхээ дараа сэтгүүлчидтэй уулзав.
Ши Жиньпин юуны өмнө Хятадын засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс Ерөнхийлөгч Вучич, Сербийн засгийн газар, ард түмэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүллээ.
Ши Жиньпин хэлэхдээ, 2016 онд миний бие Сербид төрийн айлчлал хийж, Сербийн удирдагчид, ард түмэн халуун дотноор хүлээн авч байсан дүр зураг одоо ч тодхон санагдаж байна. Найман жилийн дараа дахин айлчилж байгаадаа сэтгэл өндөр байна. Ерөнхийлөгч Вучичийн удирдлага дор Сербийн эдийн засаг, нийгэм эрчимтэй хөгжиж, үндэсний ерөнхий хүчин чадал, олон улсын статус мэдэгдэхүйц дээшилж, ард иргэдийн амьжиргааны түвшин тасралтгүй дээшилж байгааг хараад маш баяртай байна. Хятад, Серби бол чин үнэнч найз, сайн түнш юм. Хоёр орны улс төрийн харилцан итгэлцэл улам нягтарч, ажил хэрэгч хамтын ажиллагаа сайжирч, бат бөх найрамдал үүрд үргэлжлэх болно.
Ши Жиньпин онцлохдоо, өнгөрсөн шөнө Ерөнхийлөгч Вучич болон түүний гэргий, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч асан, Парламентын дарга, Гадаад хэргийн сайд нар онгоцны буудалд очиж, гэргий бид хоёрыг угтан авч, Сербийн өвөрмөц онцлогтой тоглолт зохион байгуулсанд баярлан талархаж байна. Үдээс өмнө Ерөнхийлөгч Вучич ахин олон хүн оролцсон угтан авах ёслолын ажиллагаа зохион байгуулсан нь Сербийн ард түмэн Хятад болон Хятадын ард түмэнд чин сэтгэлээ илэрхийлж буйг зүрх сэтгэлээрээ мэдэрлээ. Саяхан Ерөнхийлөгч Вучич бид хоёр чиг үнэнч, найрсаг уур амьсгалын дунд Хятад, Сербийн харилцаа, хамтаар сонирхож буй асуудлаар санал бодлоо гүнзгий солилцож, олон шинэ чухал нийтлэг ойлголтод хүрсэн гэжээ.
Шинэ эринд Хятад, Сербийн хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулснаа бид хамтдаа зарлаж, Хятад, Сербийн харилцааны түүхэнд шинэ хуудсыг нээсэн. Найман жилийн өмнө Серби нь Хятадын Төв, Зүүн Европ дахь анхны иж бүрэн стратегийн түнш болсон юм. Өнөөдөр Серби нь Хятад улстай хувь заяаны нэгдмэл цогцыг хамтран байгуулсан Европын анхны орон болсон нь хоёр орны харилцаа стратегийн болон дээд түвшинд хүрсэн гэдгийг бүрэн харуулж байна.
Стратегийн харилцаа холбоог бэхжүүлэх замаар шинэ эрин үеийн Хятад-Сербийн хувь заяаны нэгдмэл цогцыг удирдан чиглүүлэх талаар бид санал нэгдсэн. Хоёр тал бие биенийхээ язгуур ашиг сонирхол, гол асуудлаар тууштай дэмжиж, хамтын цогц байгуулах улс төрийн үндэс суурийг бэхжүүлэх ёстой. Сербийн тусгаар тогтнолоо тууштай баримталж, улс орныхоо нөхцөлд тохирсон хөгжлийн замаар замнахыг Хятад улс дэмжинэ. Мөн Косовогийн асуудлаарх Сербийн үндэсний бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалах хүчин чармайлтыг дэмжиж байна.
Хятад Сербийн хамтын ажиллагааны олон баримт бичигт гарын үсэг зурсан нь хоёр орны хамтын ажиллагаанд шинэ түлхэц өгснийг бид харлаа. "Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалтад Хятад Серби үр дүнд хүрч, хоёр тал өргөн хүрээтэй, өндөр чанартай, сайн үр өгөөжтэй ажил хэрэгч хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх болно. Энэ нь эдийн засаг, нийгмийн бүтээн байгуулалтад тус дөхөм үзүүлэхийн зэрэгцээ эдийн засгийн даяаршлыг дэмжих болно.
Тээвэр, эрчим хүчний дэд бүтэц зэрэг уламжлалт салбар дахь хамтын ажиллагаагаа тууштай урагшлуулж, инновацийн хамтын ажиллагааг хоёр орны харилцааны шинэ өсөлтийн цэг болгон хөгжүүлэхээр бид санал нэгдлээ. Түүнчлэн олон салбарын боловсон хүчний солилцоог өргөжүүлж, соёл боловсрол, спорт, аялал жуулчлал, орон нутгийн хамтын ажиллагааг иж бүрэн гүнзгийрүүлэхээр тохиролцсон юм.
Ши Жиньпин хэлэхдээ, түүхийг эргэн харахад Хятад, Сербийн найрамдал дэлхийн энх тайван, хөгжлийг хамтдаа хамгаалах агуу их тэмцлийн явцад бэхжиж ирсэн юм. Ирээдүйд, шинэ эрин үеийн Хятад Сербийн хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулах нь хоёр талын стратегийн сонголт. Үүний зорилго нь хоёр ард түмний сайн сайхан амьдрах хүсэл эрмэлзлийг хэрэгжүүлэх бөгөөд хөдөлгөгч хүч нь хоёр ард түмний тууштай дэмжлэг, өргөн хүрээний оролцоо юм. Сербитэй гар нийлэн, шинэ эрин үеийн Хятад-Сербийн хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулах шинэ аяныг эхлүүлэхэд Хятад улс бэлэн байна.