Хойд Солонгосоос Японы арлын дээгүүр Номхон далайд баллистик пуужин харвасанд Японы засгийн газраас эсэргүүцлээ илэрхийлж, Пхеньяны энэ үйлдлийг “хэтэрхий даварсан өдөөн хатгалга” хэмээн цохон тэмдэглэжээ. “Япон улс ийм өдөөн хатгалгыг хүлцэж чадахгүй, Хойд Солонгост хатуу шаардлага хүргүүлэх болно” гэж Японы засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ёшихидэ Суга шуурхай хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн байна.
Ёшихидэ Сугагийн мэдэгдсэнээр баллистик пуужинг өглөөний 6:57 цагийн орчим Хойд Солонгосын баруун эргээс харвасан бөгөөд 7:04-7:06 цагийн үед Японы Хоккайдо арлын дээгүүр өнгөрсөн байна. Баллистик пуужин 7:16 цагийн үед Номхон далайн Кэйп Эримо арлаас зүүн зүгт 2000 км-ийн зайд унажээ.
Хойд Солонгос өнгөрсөн наймдугаар сарын 29-нд Хоккайдо арлын дээгүүр мөн баллистик пуужин харвасан байна. Пхеньян пуужин харвасны дараа Японы засгийн газар Хоккайдо болон бусад 11 мужид онц байдал зарлаж, ард иргэдийг газар доорх хоргодох байранд орохыг анхааруулжээ.
Наймдугаар сарын 29-нд Хоккайдо арлын дээгүүр пуужин харвахад Японы төмөр замын системийг түр зогсоосон билээ.