АНУ-ын Сансрын уудам, агаарын орон зайг шинэчлэн судлах төв буюу НАСА агентлагийн судалгааны субьект болсон зургаан сансрын нисэгч Ангараг гаригтай төстэй Хавайн эзэнгүй галт ууланд туршилтаар найман сар тусгаарлагдаж байгаад иржээ. Дээрх хугацаанд галт ууланд хатаасан, лаазалсан хүйтэн хоол унд идэж байсан сансрын нисэгчид жимс, шинэхэн өндөг амтархан иджээ. Дөрвөн эрэгтэй, хоёр эмэгтэй сансрын нисэгч оролцсон уг туршилт, судалгаа хүн, амьтангүй газар олон хоног байх нь тэдний сэтгэл зүйд хэрхэн нөлөөлөхийг харуулах зорилготой юм.
Судалгаанаас олж авсан туршлага НАСА-гийн эрдэмтдэд Ангараг гариг руу аялах багийн гишүүдийг сонгоход ихээхэн чухал ач холбогдолтой. Судалгаанд оролцсон сансрын нисэгчдээс стресс, аюул, ганцаардлыг хэрхэн даван туулах сэтгэл зүйн чадвараар нь сонгож, хоёроос гурван жилийн хугацаатай Ангараг гариг руу аялуулах ажээ. АНУ-ын Сансрын уудам, агаарын орон зайг шинэчлэн судлах төв 2030 оноос Улаан нүдэн гариг руу сансрын нисэгчдээ илгээхээр төлөвлөж байгаа юм байна. Туршилтын багийнхан найман сарын турш дэлхийн хамгийн том идэвхтэй галт уул Мауна Лоагийн өвөр дэх эзэнгүй хөндийд нийгмээс тусгаарлагдаж амьдарсан аж. Туршилтын үеэр багийн биологич мэргэжилтэн Жошуа Эрлич шинэхэн лууван, чинжүү, хятад байцаа, шош, улаан лооль, төмс, яншуй тарьсан нь амжилттай ургажээ. Тэрбээр энэ тухайгаа “Хүнгүй зэлүүд газар ургуулсан ногоогоо идэх яг л гэрийн хоолоо идэж байгаа юм шиг санагдаж байлаа” гэжээ.