Японы ерөнхий сайд Шинзо Абе маргааш Хойд Солонгосын асуудал болон нийгмийн хамгааллын тогтолцоог тэнцвэржүүлэх зорилгоор парламентын доод танхимаа татан буулгахаа мэдэгджээ.
Тэрбээр “Хүн амын хөгшрөлт, төрөлтийн бууралт болон аюулгүй байдлын асуудлуудыг даван туулахын тулд ээлжит бус сонгууль явуулах шаардлагатай байна. Есдүгээр сарын 28-нд парламентын доод танхимыг тараана. Хойд Солонгосоос ирэх заналхийллээс болж дотоодод эмх замбараагүй байдал үүссэн. Бид энэ хямралыг даван туулах болно. Ирээдүйн Японы төлөө энэхүү шийдвэрийг гаргалаа” гэж мэдэгджээ.
"The Japan Today" мэдээлснээр, Японы ерөнхий сайд мөн “Япон улс Хойд Солонгост цөмийн болон пуужингийн хөтөлбөрөөсөө эргэлт буцалтгүйгээр бүрэн татгалзах хүртэл шахалт үзүүлсээр байх болно” гэжээ. Ээлжит бус сонгуулийг ирэх сарын 22-нд хийхээр товлосон аж. Дашрамд сонирхуулахад, сонгуулийн ажил 10 дугаар сарын10-наас албан ёсоор эхлэх юм байна.