АНУ-ын Лас Вегас хотод хөгжмийн фестиваль болж байх үеэр нэгэн этгээд гал нээж 58 хүнийг буудан хөнөөж, 500 гаруй хүнийг шархдуулсан аймшигт хэрэг гарсан билээ. BBC агентлагийн мэдээлж байгаагаар, эмгэнэлт хэргийн дараа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп төрийн далбаагаа баасан гарагийн нар жаргах хүртэл хагас бөхийлгөх шийдвэр гаргажээ.
Хөгжмийн наадам болж байсан задгай талбайн дэргэдэх өндөр барилгын 30 давхараас гэнэт тасралтгүй гал нээж эхэлсэн аж. Хэргийн газар цагдаа нар нэн даруй ирж гал нээсэн этгээдийг баривчлах ажиллагаа явуулах үеэр тэрээр аль хэдийнэ өөрийгөө хөнөөсөн байжээ. Уг хэргийг Стефан Паддок гэх 64 настай тэтгэвэртээ гарсан нягтлан, олон саяын хөрөнгөтэй, хоёр ч нисэх онгоцтой чинээлэг нэгэн үйлдсэн болох нь тогтоогдоод байгаа юм байна. Дашрамд мэдээлэхэд, Пэддокийн эцэг Бенжамин Хоскинс нь алдартай банк дээрэмдэгч, сэтгэцийн өвчтэй нэгэн байсан бөгөөд түүнийг Холбооны мөрдөх товчооны хамгийн аюултай 10 гэмт хэрэгтний нэгд тооцдог байсан гэнэ.