ОХУ энэ сард болох олон улсын хуралд Умард Солонгосын Засгийн газрын албан тушаалтуудыг урьж байна. Энэ сарын 19-нд Москва хотноо Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх асуудлаар олон улсын бага хурал болох юм. Тус хурлыг зохион байгуулагчид Умард Солонгосын Гадаад хэргийн яамны Хойд Америк хариуцсан товчооны дарга Чой Сон Хю-г оролцохыг урьсан байна.
Москвад болох уг хуралд АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч асан Венди Шермэн оролцож магадгүй тухай зохион байгуулагчид нь мэдэгдсэн байна. Түүнчлэн Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх асуудлаар олон улсын бага хуралд Умардын төлөөлөгчийг үг хэлэх боломж олгохоор зохион байгуулагчдын зүгээс төлөвлөж, бэлтгэж буй аж.
Мөн энэ сард ОХУ-ын Санкт Петербург хотод улс орнуудын хууль тогтоогчдын дунд харилцаа холбоог дэмжих зорилготой олон улсын өөр нэг хурал болох гэж байна. Энэ уулзалтад Умард Солонгосын төлөөлөгчид оролцож магадгүй гэж ОХУ-ын парламентын гишүүд мэдэгдсэн байна. ОХУ-ын хувьд Умард Солонгосыг цөмийн болон пуужингийн хөтөлбөр хэрэгжүүлснийх нь төлөө шүүмжилдэг боловч асуудлыг яриа хэлэлцээ, дипломатын аргаар шийдвэрлэх нь зүйтэй гэсэн байр сууриа хадгалж байна.
Ажиглагчид ОХУ Умардын төлөөлөгчийг олон улсын хуралд урьснаар Умард Солонгосын цөмийн асуудал дээр олон улсын хамтын нийгэмлэгээс арай өөр байр суурьтай байж, Умардад тодорхой хэмжээний нөлөөтэй гэдгээ харуулахыг зорьж байна гэсэн дүгнэлт хийж байна.