АНУ-ын тэнгисийн цэргийн хүчин Персийн буланд “LaWS” нэртэй шинэ төрлийн лазер зэвсгийн ээлжит шинэ төрлийн туршилт хийсэн байна. Энэ талаар Америкийн зэвсэгт хүчний баттай эх сурвалжаас авсан мэдээллийг CNN агентлаг уламжиллаа.
Америкийн цэргийнхний хэлж байгаагаар тус шинэ төрлийн зэвсэг нь өндөр хурдны буюу гэрлийн хурдтай зүйрлэхүйц хүчин чадалтай гэсэн юм. Өөрөөр хэлбэл агаарт болон хуурай газарт байгаа байг харвагч тив алгасагч баллистик пуужингаас 50 мянга дахин хурдан хэмээн онцолжээ. Америкийн цэргийн хүчний дэслэгч Кейл Хьюз энэ талаар мэдэгдэхдээ, АНУ-ын зэвсэгт хүчинд шинээр ашиглаж магадгүй байгаа лазерийн буу нь байгалийн ямар ч нөхцөл байдалд саадгүй ажиллах боломжтой хэмээн хэлсэн байна.
Тухайлбал, хүчтэй салхи шуурга, алсын зайн хэмжээг үл харгалзан харвасан байдаа хурдан, оновчтой буух чадвартай гэсэн юм. Эхний туршилтыг хийхдээ агаарт нисгэгчгүй нисдэг төхөөрөмжийг хөөргөн улмаар устгасан байна. Агаарт байсан байг харвасан даруй тус нисгэгчгүй онгоцны далавч шатан далайд унасан юм байна. Энэ үеэр ямар ч дуу чимээ болон гэрэл бүхий зүйл мэдрэгдээгүй болохыг онцолсон юм. Энэ төрлийн хүчирхэг зэвсгийг ажиллуулахад хангалттай эрчим хүч ялгаруулах чадвартай үүсгүүрийг ашигласан байна. Хамгийн сонирхолтой нь тус зэвсгээр нэг удаа буудахад нэг америк долларын зардалтай хэмээн онцолсон юм. Өнөөдрийн байдлаар лазерийн зэвсгийг байлдааны хөлөг онгоцонд суурилуулан туршилт, судалгааны ажлууд үргэлжилж байгаа юм байна.