АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Ираны асуудлаар хийсэн мэдэгдэлдээ тус улсыг “Хуурамч дэглэмтэй” хэмээн цоллож, терроризмыг өөгшүүлэн санхүүжүүлдэг гэж буруутгажээ. Мөн Ираны эсрэг хориг арга хэмжээг сэргээх асуудлыг ярина гэж мэдэгдсэн байна.
Иран болон НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүн, дээр нь Германыг багтаасан долоон улс 2015 онд Тегераны цөмийн хөтөлбөрийг хязгаарлах тухай түүхэн хэлэлцээр байгуулсан. Харин Трамп Тегеран энэ хэлэлцээрийг дагаж мөрдөхгүй байна гэж үзэж байгаа юм. Хэрэв Иран хэлэлцээрийн зүйл заалтуудыг зөрчвөл дэлхийн улсорнууд Ираны эсрэг авсан хориг арга хэмжээнүүдээ эргүүлэн сэргээх тухай асуудал сөхөгдөх учиртай. Харин олон улсын ажиглагчид Ираныг дээрх хэлэлцээрийг бүрэн дүүрэн дагаж мөрдөж байгаа гэж тэмдэглэж байна.
Тегераны цөмийн хөтөлбөрийг хязгаарлах тухай хэлэлцээрийг Иран дагаж мөрдөж байгааг батлан АНУ-ын ерөнхийлөгч 90 хоног тутамд мэдээлэл хийх ёстой. Трамп өнгөрсөн хугацаанд хоёр удаа батлан мэдэгдсэн, харин маргааш дуусгавар болох ээлжит 90 хоногийн мэдэгдлээ өчигдөр хийхдээ Ираныг буруутгасан байна.
Ингэснээр АНУ-ын Конгресс дээрх хэлэлцээрээс АНУ татгалзаж, Ираны эсрэг хориг арга хэмжээг сэргээх эсэхийг 60 хоногийн дотор шийдвэрлэх юм.