Хэрвээ эрх баригчид нь тусгаар тогтнох бодлоо орхихгүй бол Каталан мужийн автономит эрхийг хасна гэж Мадрид дахин санууллаа. Энэ удаад Ерөнхий сайдын орлогч Сорайя Саенс энэ мэдэгдлийг хийсэн байна. Тэрээр каталанчуудад Мадридаас өгсөн бодох хугацаа дууссан учир энэ сануулга эцсийнх гэдгийг мөн давхар сануулсан байна. Испанийн эрх баригчид Карлес Пучдемонд тав хоногийн хугацаа өгсөн нь энэ сарын 16-нд дууссан. Хариу өгөөгүй тохиолдолд автоматаар сунгагдах 72 цагийн хугацаа нь мөн дууссаны дараа Сорайя Саенс энэ мэдэгдлийг хийжээ.
Мадрид ийнхүү Каталаны тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг байр суурин дээрээ бат зогсч буй бол каталанчууд тусгаар тогтнолын төлөө тэмцсэн хоёр удирдагчийг нь баривчилсныг эсэргүүцэх хөдөлгөөн өрнүүлж байна. Хорди Санчес, Хорди Кушарт нарыг Испанийн цагдаа нар хорлон сүйтгэх ажиллагаа хийсэн хэргээр буруутган шалгаж байгаа юм. Харин каталанчууд энэ хэргийг улс төрийн зорилготойгоор үүсгэсэн гэж үзэж байгаа юм. Тэд хоёулаа тусгаар тогнох эсэх асуудлаарх санал хураалтыг зохион байгуулахад гол үүрэгтэй оролцсон аж.
Каталаны удирдагч Карлес Пучдемон тусгаар тогтнолын асуудлаар Мадридтай хэлэлцээр хийх хүслээ илэрхийлсээр байгаа ч хүсэлтийг нь хүлээж аваагүй хэвээр байна. Европын холбоо Каталанд явагдсан санал асуулгыг хууль бус гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.