Дэлхийд борлуулалтаараа тэргүүлэгч төдийгүй шилдэг автомашин үйлдвэрлэгч компаниудын томоохон төлөөлөл болох Японы "Тоёота" компанийн инженерүүд урьд өмнө нь хэзээ ч байгаагүй шинэ төрлийн автомашиныг бүтээхээр зорьж байна.
Энэ бол эзэнтэйгээ харилцан яриа өрнүүлэх чадвартай, мөн эзнийхээ сэтгэл санааны байдлыг тодорхойлон хариу үйлдэл үзүүлэх боломжтой хиймэл оюун ухаанд технологиор хангагдсан ухаалаг автомашины концепц юм. Шинэ төрлийн автомашинаа тун удахгүй буюу энэ сарын сүүлчээр олон нийтэд танилцуулахаар төлөвлөж байгаа талаар мэдээлсэн байна.
Зохион бүтээгчдийн хэлж байгаагаар, шинэ загварын үндсэн гурван төрлийн автомашиныг танилцуулна гэсэн юм. Эхнийх нь нэг хүний суудалтай хотын замын хөдөлгөөнд зориулагдсан, хоёр дахь нь гурван хүний суудалтай байх бол гурав дахь нь дөрвөн хүний суудалтай байх аж. Эдгээр гурван автомашин гурвуулаа хиймэл оюун ухаант технологи бүхий төхөөрөмжөөр хангагдах юм. Тодруулбал, автомашин замын хөдөлгөөнд оролцож байхдаа эзэнтэйгээ харилцан шийдвэр гаргах бол мөн өөрөө шийдвэр гаргаж чадахуйц компьютерийн программ хангамжаар тоноглогдсон гэж танилцуулсан байна.
Зорчигчийн хаалга орчин үеийн загварын чиг хандлагын дагуу дээшээ онгойхоор бүтээгджээ. Энэ нь илүү загварлаг, илүү тав тухтай төдийгүй илүү шинэлэг байх болно гэж онцолсон байна. Бүхэлдээ цахилгаан техник тоног төхөөрөмжөөр хангагдсан гэж ойлгож болно. Гурван хүний суудалтай автомашин нэг удаагийн бүрэн цэнэглэлтээрээ 150 км зам туулах бол дөрвөн хүний суудалтай ухаалаг автомашин 300 км хүртэлх зам туулах чадвартай юм байна.
Эх сурвалжуудын хэлж байгаагаар "Тоёото"-гийн хиймэл оюун ухаант ухаалаг автомашины гүйцэт үйлдвэрлэсэн загвараа 2020 он гэхэд замын хөдөлгөөнд оролцуулан туршихаар төлөвлөж буй юм. Одоогийн байдлаар зохион бүтээгчид нь тус автомашины техникийн боломжит чадварыг нэмэгдүүлэх зорилгоор ойролцоогоор нэг тэрбум орчим америк долларыг төсөвлөөд байгаа талаараа онцолжээ.