Японы Сумо бөхийн Ёкозуна их аварга Харумафүжи залуу бөхийн биед халдаж, гэмтээсэн хэмээн “NHK” агентлаг мэдээлжээ. Тус агентлагийн мэдээлснээр, тэрбээр өөрөөсөө цол доогуур, залуу бөх Таканоива А.Баасандоржийг зодож танхайрсан байна.
Одоогоор залуу бөхийн гавлын яс цуурч, бусад гэмтэл бэртэл авсан учраас хоёр долоо хоногийн эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон аж. Харумафүжи залуу бөхийн толгойн тус газарт шар айрагны лонхоор цохисон хэмээн үзэж байгаа юм байна.
Японы зарим хэвлэлд бичсэнээр, Ёкозуна Харумафүжи энэхүү дуулиантай холбогдуулан уучлалт хүсчээ. Мягмар гаригийн өглөө тэрбээр сэтгүүлчидтэй уулзах үеэрээ Сумогийн холбооныхон болон сумочдоос уучлалт гуйж, гүнээ харамсаж байгаагаа илэрхийлсэн байна.