Дэлхийн хэмжээнд өнөөдрийн байдлаар “COVID-19”-ийн эсрэг дөрвөн өөр вакцины клиник туршилтын гуравдугаар үе шатны завсрын үр дүнг танилцуулаад байна.
Тухайлбал, Их Британийн “AstraZeneca” компанийн “AZD1222” вакцин “SARS-CoV-2” вирусийн эсрэг 70 хувь, АНУ-ын “Moderna” компанийн “mRNA-1273” вакцин 94.5 хувь, “Pfizer” болон Германы “BioNTech” нарын хамтран боловсруулсан “BNT-162b2” вакцин 95 хувь, ОХУ-ын Гамалейн нэрэмжит тархвар судлал, микробиологийн төвийн хөгжүүлсэн “Sputnik-V” вакцин мөн 95 хувийн үр дүнд хүрсэн талаар тус бүр мэдээлсэн.
АНУ-ын Хүнс, эмийн хяналтын удирдлагын газрын Вакцин болон биологийн бүтээгдэхүүний зөвлөх хороо ирэх долоо хоногт хүсэлтээ хүргүүлсэн коронавирусийн эсрэг туршилтын вакцинуудыг яаралтай горимоор эмнэлзүйд нэвтрүүлэх асуудлаар хуралдаж, шийдвэр гаргах юм. Тиймээс дэлхий хэмжээнд ирэх долоо хоногт “COVID-19”-ийн эсрэг анхны вакциныг эмнэлзүйд нэвтрүүлэх хүлээлттэй байна.
Хэрэв ДЭМБ болон бусад холбогдох зохицуулагч байгууллагууд аль нэг туршилтын вакцинд зөвшөөрөл олгосон тохиолдолд вакцин үйлдвэрлэгчид болон Засгийн газрууд шаардлагатай тунг нийлүүлэх ажилд шууд орох юм. Гэсэн ч хөгжингүй орнууд вакцины урьдчилсан захиалгыг бүхэлд нь худалдан авсантай холбоотойгоор хөгжил буурай болон хөгжиж буй улс орнууд коронавирусийн эсрэг вакцины шаардлагатай тунг хүлээн авах хүртэл нэлээдгүй хугацаа шаардлагатай болох талаар мэргэжилтнүүд дурдсан. Тухайлбал, хөрөнгө оруулалтын “CITI” банкны тооцоолсноор АНУ, Их Британи, Канад, Япон болон Европын холбооны хөгжингүй орнууд дэлхийн хэмжээнд амжилттай яваа туршилтын вакцинуудын нийт урьдчилсан захиалгын 85 хувийг худалдан аваад байгаа юм.
Тэгвэл өнөөдрийн байдлаар манай хөрш зэргэлдээ болон ойрын харилцаатай Азийн орнууд аль вакциныг хэзээ, хэр хэмжээгээр худалдан авах вэ?
1. Австрали
Австралийн Засгийн газар тус улсын биотехнологийн “CSL Limited” компанийн лицензийн дагуу өнөөдрийн байдлаар нийт 135 сая тун вакцин худалдан авах урьдчилсан нөхцөлтэй гэрээ байгуулсан байна. Тухайлбал, Их Британийн “AstraZeneca” компанийн “AZD1222” вакцины 34 сая тун, “Pfizer” компанийн “BNT-162b2” вакцины 51 сая тун, АНУ-ын “Novavax” компанийн “NVX-CoV2373” вакцины 10 сая тунг тус тус худалдан авах гэрээ байгуулжээ. “AstraZeneca” компани эхний ээлжид ирэх оны нэг болон хоёрдугаар сард тус улсад 3.8 сая тун вакцин нийлүүлэхээр төлөвлөж байгаа аж.
2. БНХАУ
Бээжингийн эрх баригчид одоогийн байдлаар барууны вакцин үйлдвэрлэгчидтэй хамтран ажилладаг эмийн компаниудтай ямар нэгэн ханган нийлүүлэлтийн гэрээ хийсэн талаар мэдэгдээгүй байгаа юм. Гэсэн ч Их Британийн “AstraZeneca” компанийн Хятад дахь томоохон түнш болох биотехнологийн “Shenzhen Kangtai Biological Products” компани энэ онд багтаан “AZD1222” вакцины 100 сая тун үйлдвэрлэхээр төлөвлөөд байгаа талаар мэдээлсэн бөгөөд Бээжин 2021 оны хоёрдугаар хагаст уг вакциныг эмнэлзүйд ашиглах зөвшөөрөл олгох талаар яригдаж байгаа аж.
Мөн БНХАУ-ын Шанхай хотноо төвтэй биотехнологийн “Fosun Pharmaceutical Group” АНУ-ын “Pfizer” болон Германы “BioNTech” гэх эмийн үйлдвэрлэлийн тэргүүлэгчидтэй хамтран “COVID-19”-ийн эсрэг хамгийн өндөр хүлээлт үүсгээд буй “BNT-162b2” вакциныг хөгжүүлсэн. Тиймээс Бээжин уг вакцинд тун удахгүй зөвшөөрөл олгох магадлал өндөр байгаа юм.
Үүнээс гадна Төвдийн “Rhodiola Pharmaceutical Holding” компани ОХУ-ын Гамалейн нэрэмжит тархвар судлал, микробиологийн төвийн хөгжүүлсэн “Sputnik-V” вакцины клиник туршилтыг БНХАУ-д явуулах зөвшөөрлийг авсан.
Хамгийн гол нь Хятадын төрийн өмчит биотехнологийн “Sinopharm”, Батлан хамгаалахын яамны дэргэдэх “CanSino” болон Бээжинд төвтэй “Sinovac” компаниудын боловсруулсан “COVID-19”-ийн эсрэг таван ч вакцин клиник туршилтын сүүлийн шатандаа шилжээд байна.
3. Япон
Японы Засгийн газар “Pfizer” болон “BioNTech” компанитай 2021 оны эхний хагас жилд багтаан “BNT-162b2” вакцины 120 сая тунг хүлээн авах урьдчилсан гэрээ байгуулсан. Мөн “AstraZeneca” компаниас 120 сая тун вакцин худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд үүний 30 сая тунг 2021 оны гуравдугаар сард багтаан нийлүүлэх юм. Үүнээс гадна Японы эрх баригчид клиник туршилтын гуравдугаар үе шатанд үргэлжилж буй АНУ-ын биолтехнологийн “Novavax” компанийн “NVX-CoV2373” вакцины 250 сая тунг худалдан авах гэрээ байгуулжээ.
Харин Японы “Shionogi” эмийн үйлдвэр мөн клиник туршилтын гуравдугаар үе шатанд үргэлжилж буй “Johnson & Johnson’s” компанийн “Ad26” вакциныг үйлдвэрлэх лицензийг олж авахаар ажиллаж байгаа аж.
4. Өмнөд Солонгос
Өмнөд Солонгосын Засгийн газар энэ онд багтаан олон улсын “COVAX” хөтөлбөрийн хүрээнд 10 сая иргэнээ, эм үйлдвэрлэгч компаниудтай байгуулсан гэрээний хүрээнд 20 сая иргэнээ тус тус вакцинжуулах талаар мэдэгдсэн.
Хамгийн гол нь олон улсын “COVAX” хөтөлбөрийн гишүүн улс орнууд өөрсдийн хүссэн вакцинаа захиалах боломжтой бөгөөд вакцины шаардлагатай тунг нийлүүлэх хугацаа болон хэмжээ нь тухайн вакцин үйлдвэрлэгчийн үйлдвэрлэлийн хуваариас шалтгаалах юм.
5. Энэтхэг
Тус улсын биотехнологийн тэргүүлэгч “Serum Institute of India” компани Их Британийн “AstraZeneca”-гийн боловсруулсан “AZD1222” вакциныг үйлдвэрлэх эрхийг авсан. Тиймээс Энэтхэг улс энэ онд багтаан яаралтай горимоор уг вакциндыг эмнэлзүйд нэвтрүүлэх зөвшөөрөл олгоно гэх хүлээлттэй байгаа юм.
Мөн Энэтхэгийн Засгийн газрын дэмжлэгээр ирэх хоёрдугаар сар гэхэд клиникийн туршилтын сүүлийн үе шатанд үргэлжилж буй ОХУ-ын “Sputnik-V” вакциныг эмнэлзүйд нэвтрүүлж, масс вакцинжуулалт хийхээр болсон байна.
6. Тайвань
Тайванийн эрх баригчид олон улсын “COVAX” хөтөлбөрөөс 15+15 сая тун вакцин худалдан авахаар төлөвлөсөн бөгөөд ирэх оны нэгдүгээр улирал гэхэд вакцины эхний масс тунг хүлээн авах аж.
7. Филиппин
Филиппиний Засгийн газар 2021 оны хоёрдугаар хагас жилд 20 сая тун вакцин авахаар “AstraZeneca” компанитай хэлэлцээр хийж эхлээд байна. Мөн тус улс ирэх онд 60 сая иргэнээ вакцинжуулах зорилгоор АНУ-ын “Pfizer” болон БНХАУ-ын “Sinovac” компаниудтай тодорхой төвшинд яриа хэлэлцээр өрнүүлж эхэлжээ.
8. Индонез
Индонез улс нь олон улсын “COVAX” хөтөлбөрт хамрагдсан дэлхийн хөгжиж буй 92 улс орны нэг юм. Уг хөтөлбөрийн хүрээнд тухайн улсын нийт хүн амын 20 хувийг вакцинаар хангана. Тиймээс тус улс “COVAX” хөтөлбөрөөс 106 сая тун вакцин авах эрхтэй гэсэн үг юм. Мөн Индонез улс ирэх нэгдүгээр сард эрүүл мэндийн ажилтнууд болон бусад эрсдэлт бүлгийн иргэдээ Хятадын “Sinovac” компанийн вакцинд хамруулахаар төлөвлөж байна.
9. Бангладеш
Бангладешийн Засгийн газар Энэтхэгийн “Serum Institute of India” компаниас “AstraZeneca”-гийн “AZD1222” вакцины 30 сая тун худалдан авах гэрээ байгуулсан байна. Мөн тус улсын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр Швейцарын Женев хотноо төвтэй “The Vaccine Alliance” буюу олон улсын “GAVI” байгууллагын хөтөлбөрийн хүрээнд 68 сая тун вакциныг хөнгөлөлттэй үнээр худалдан авахаар төлөвлөж байгаа аж.
Эх сурвалж: www.itoim.mn