Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний чуулган өнөөдөр боллоо. ЭМЯ, СЭМҮТ, АШУҮИС, НЭМГ болон аймаг, орон нутгийн эрүүл мэндийн газар, дүүргүүдийн нэгдсэн эмнэлгүүд, эрдэмтэн судлаачид, сэтгэцийн эмч, сэтгэл зүйч, хууль хяналт, боловсролын байгууллагынхан цуглаж сэтгэцийн эрүүл мэндийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, цаашдын чиг хандлагыг тодорхойлосноор хэрэгжүүлэх ажлууд, бусад салбартай хамтран ажиллах төлөвлөгөө гаргах юм байна.
ДЭМБ-ын мэдээнээс харахад дэлхий дахинд 2001 онд сэтгэцийн эмгэгтэй хүний тоо 450 сая байсан бол 2017 онд энэ үзүүлэлт 792 сая хүн буюу нийт хүн амын 10.7 хувь, 10 хүн тутмын нэг нь сэтгэцийн ямар нэг эмгэгтэй. Үүнээс:
- 284 сая нь сэтгэл түгших
- 264 сая нь сэтгэл гутрах эмгэгээр шаналж байна.
Харин архи мансууруулах бодисын шалтгаант сэтгэцийн эмгэгтэй хүний тоо 970 сая буюу нийт хүн амын 13 хувийг эзэлжээ. Дэлхий нийтэд сэтгэцийн эмгэг болон архи, мансууруулах бодисын шалтгаант сэтгэл зүйн эмгэгтэй хүний тоо нэмэгдэж байна. Цар тахлыг зарласнаас хойш эрүүл мэнд, нийгэмд үзүүлэх хор уршиг өнөөдрийг хүртэл дэлхий даяар үргэлжилсээр байна.
ХҮҮХЭД ӨСВӨР НАСНЫХАН АМИА ХОРЛОХ ЭРСДЭЛ ӨНДӨР БАЙНА
ДЭМБ-аас 2022 онд Монгол Улсад 2018 онд амиа хорлох тохиолдлын тоо 100 мянган хүн амд 18.6 хувь байна гэж мэдээлсэн. Харин манай орны судлаачдын 2013 онд ДЭМБ-ын санхүүжилтээр хийсэн судалгаагаар Монголд 13-17 насныхан сүүлийн нэг жилийн дотор 23 хувь нь амиа хорлох талаар бодож үзсэн бол 9.3 хувь нь амиа хорлох оролдлого хийсэн гэх дүн гарчээ. Эндээс харахад хүүхэд өсвөр насныхны дунд амиа хорлох эрсдэл өндөр байгааг сэрэмжлүүлэв.
Ковид-19-ийн үед Монголд сэтгэцийн эрүүл мэнд ямар түвшинд байгаад үнэлэлт дүгнэлт хийх судалгааг ЭМЯ, ДЭМБ-ын захиалгаар 2021 онд СЭМҮТ, АШУҮИС, Монголын Сэтгэцийн Эрүүл Мэндийн Нийгэмлэг ТББ-ууд хамтран хийж өнгөрсөн долоо хоногт дүнгээ танилцуулсан. 21 аймаг, 333 сум, есөн дүүргийн 9000 гаруй хүнийг судалгаанд хамруулснаас 7919 хүнийг датанд үндэслэн дүгнэлтээ гаргажээ. Судалгаанд хамрагдсан иргэдийн:
- 60 хувь нь сэтгэл түгшилттэй
- 70 хувь нь сульдлын хам шинжтэй
- 39 хувь нь сэтгэл гутралтай байна гэсэн дүн гарсан.
Дээрх тоо баримтуудаас харахад сүүлийн жилүүдэд сэтгэцийн тулгамдсан асуудал дэлхий дахинд төдийгүй Монголд ихсэж байна. Тиймээс дэлхийн дахинд ч, Монголд ч сэтгэцийн эрүүл мэндэд анхаарал хандуулах цаг болсон хэмээн санал нэгдэж, үндэсний чуулган зохион байгуулж буй юм.
СЭМҮТ-ийн ерөнхий захирал В.Баярмаа, Сэтгэцийн эрүүл мэнд гэх тодорхойлолтод гурван том ойлголт ордог. Эрүүл сэтгэц, эмгэг, эрүүл эмгэгийн завсрын байдалтай гэж авч үзнэ. Сэтгэцийн эмгэг нь нийт хүн амын 1-3 хувь, эрүүл эмгэгийн завсрын байдалтай 20-25 хувь, үлдсэн 60-70 хувь нь эрүүл байдаг. Өнөөдрийн чуулганаар бид эрүүл эмгэгийн завсарт байгаа сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай хүн амын 20-25 хувийг асуудлыг хэрхэн шийдвэрлэх, ямар гарц байгаа талаар эрүүл мэндийн салбараас гадна боловсрол, нийгмийн хамгаалал, хууль зүй зэрэг бусад салбарынхантайгаа хамтран хэлэлцэж байна.
Сэтгэцийн эрүүл мэндийн хамгийн эхний шинж тэмдэг болох нойргүйдэх, унтаж чадахгүй болох шинж илэрвэл сэтгэлзүйчид хандаж болно. Сэтгэлзүйчид хандсанаар хэд хэдэн удаагийн ярилцлагын дараа илааршиж болно. Хэрэв үр дүнгүй байвал сэтгэл засалч эмчид хандаж өвдсөн эсэхээ магадлуулж болно. Өвчтэй байвал эмийн эмчилгээ шаардлагатай.
Сэтгэлзүйн эмгэг үүсэх олон шалтгаан бий. Тухайлбал, нийгэм, эдийн засгийн шалтгаан. Ажилгүйдэл, ядуурал зэрэг нь сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Мөн хувь хүний сэтгэл зүйн асуудал. Асуудлыг даван туулах чадвар ямар түвшинд байна вэ, тэр хүн хэр нээлттэй, өөрийгөө илэрхийлэх чадвартай вэ, аливаа таагүй зүйлд хэрхэн хариу үзүүлдэг хүн бэ гэдгээс хамаарч эмгэгт өртөх эсэх нь шалтгаална гэлээ.