АН: Нүүрсний мөнгө, халамжийн бодлогоор сонгогчдын саналд нөлөөлсөн


1 цаг

 Аймаг орон нутгийн ИТХ-ын сонгуулийн дүн болон сонгуулийн үйл явцтай холбоотой асуудлаар өнөөдөр /2026.6.22/ Ардчилсан намаас мэдээлэл хийлээ.

Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл:

-Ардчилсан намын рейтинг ард түмний дунд өндөр байгаа. Үүнийг намын даргын хувьд миний зүгээс хэлж байгаа зүйл биш, харин хөндлөнгийн судалгааны байгууллагууд нотолж байгаа. Гэсэн хэдий ч сонгуулийн үр дүн энэ харьцаатай нийцэхгүй байгаа нь анхаарал татаж байна. Үүнээс харахад сонгуулийн үр дүнд ямар нэгэн байдлаар нөлөөлсөн байх магадлал бий гэж үзэж байна.

Сонгуулийг зохион байгуулж, санал худалдан авахад ашиглагддаг тогтолцоог эрх баригч намын халамжийн бодлого дэмжиж байна. Зөвхөн Улаанбаатар хотод гэхэд 2000 гаруй хэсгийн ахлагчийн сүлжээ бий болсон нь сонгуулийн үйл ажиллагаанд нөлөөлөх боломжтой бүтэц болсон байна. Үүнийг олон нийт мэдэж байгаа.

Ардчилсан Үндсэн хуулиар олгогдсон эрхийн дагуу иргэд төрөө байгуулдаг ардчилсан тогтолцоо бодит амьдрал дээр бус, зөвхөн цаасан дээр үлдэх хэмжээнд хүрч байна. Энэ асуудалд Ардчилсан нам онцгой анхаарч ажиллах болно. Зарим аймгийн сонгуулийн ирцийг харахад харьцангуй өндөр оролцоотой сонгууль болсон байна. Гэвч Монгол Улсад сонгуульд зүй бусаар нөлөөлөх явдал төрийн албаны тогтолцоо болон халамжийн бодлогоор дамжин үргэлжилж байгаа нь ажиглагдаж байна. Зөвхөн “нүүрсний мөнгө” төдийгүй халамжийн мөнгө тараах замаар иргэдийн саналд нөлөөлөх, санал худалдан авах оролдлого гарч байгаагийн шинж тэмдэг тодорхой харагдаж байна.

УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар:

-Нийт 15 аймгийн 37 мандатад сонгууль явагдсан. Аймгийн ИТХ-ын сонгуульд 3700 гаруй хүн санал өгсөн байна. Аймгийн ИТХ-ын сонгууль нүүрсний мөнгөний сонгууль болсон гэж үзэж байна. Үүнтэй холбоотойгоор бид нөлөөлөл, үр дагаврын талаар нэг бүрчлэн судалгаа хийнэ. Ардчилсан намын шинээр батлагдсан дүрэм сонгуульд сөргөөр нөлөөлсөн.

Тухайлбал, аймгийн ИТХ-д нэр дэвшигч нь аймгийн намын хорооны гишүүн байх, УИХ-д нэр дэвшигч нь заавал Үндэсний бодлогын хорооны гишүүн байх зэрэг заалтууд сөрөг нөлөө үзүүлсэн. Иймээс ирэх намар Ардчилсан нам дүрэмдээ өөрчлөлт оруулах шаардлагатай.

УИХ-д нэр дэвших боломжийг илүү нээлттэй болгох хэрэгтэй байна. Ард түмний төлөө ажиллаж, хувь нэмэр оруулах боломжтой олон хүн нэр дэвших эрхгүй болж байгаа нь ажиглагдаж байна. Тиймээс эдгээр заалтыг өөрчлөх шаардлагатай. Мөн бүх шатны сонгуульд төрийн албаны нөлөөлөл хүчтэй байсаар байна. Ялангуяа төрийн жинхэнэ албан хаагчдыг сонгуульд дайчилдаг асуудал байгааг харж байна. Өвөрхангай, Увс зэрэг аймагт олонх болсон намын зүгээс ийм нөлөөлөл үзүүлсэн гэж үзэж байна. Сонгуулийн тухай хуулийг илүү боловсронгуй болгохоос өөр аргагүй. Одоогийн байдлаар төрийн алба болон нүүрсний мөнгөнд түшиглэсэн сонгуулийн тогтолцоо ард түмний боломжийг хязгаарлаж байна. Үүний үр дүнд эрх мэдэлд хүрсэн хүмүүс бие биеэ хамгаалж, Монгол Улсын хөгжил дэвшлээс илүүтэй цөөн хэсэг нь улам баяжиж, ард иргэдийн боломжийг хулгайлсан тогтолцоо үргэлжлэх эрсдэлтэй. Энэ байдлыг өөрчлөхгүй бол Монголын ард түмний сонгох, сонгогдох эрх зөрчигдсөөр байх болно. Иймээс сонгуулийн бүх үр дүнд сонсгол хийх шаардлагатай гэж үзэж байна. Ардчилсан нам төрийн албаны болон мөнгөний нөлөөллийг арилгах чиглэлд бодитой ажиллах ёстой гэсэн дүгнэлтэд хүрсэн.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү