АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен дөрөвдүгээр сарын 9-нд Хятад дахь айлчлалаа өндөрлүүлнэ. Тэрээр энэ онд Хятадад айлчилж буй АНУ-ын Засгийн газрын анхны гишүүн бөгөөд 9 сарын дараа дахин айлчилж байгаа болно. Айлчлалын үеэр хоёр тал олон салбарыг хамарсан яриа хэлэлцээ, уулзалтууд хийж, Хятад Америкийн төрийн тэргүүн нарын тохиролцсон нийтлэг ойлголтыг хамтдаа сайтар хэрэгжүүлэх тухай санал нэгдсэн бөгөөд эдийн засгийн хөгжлийг ахиулах, банк санхүүгийн салбар дахь хамтын ажиллагааны талаар шинэ нийтлэг ойлголтод хүрсэн юм. Жанет Йеллен хэлэхдээ, Америк Хятад хариуцлагатай байр сууриар хоёр талт эдийн засгийн харилцааг зохицуулах нь зөв, бид Хятадтай харилцаагаа таслахыг хүсэхгүй гэжээ.
Жанет Йеллений байр суурь сонсоход тааламжтай ч бодитоор хэрхэн хэрэгжиж, хэрэгжиж чадах эсэхэд хүмүүс эргэлзээтэй. Сүүлийн үед Америкийн талаас Хятадын эдийн засаг, худалдаа, технологийн компаниудад маш их дарамт шахалт үзүүлж байна. Иймд түүний хэлж байгаад эргэлзэхгүй байхын аргагүй юм.
Хятад Америкийн эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны мөн чанар нь “харилцан ашигтай, хамтдаа хожих” явдал гэж Хятад улс үзсээр ирсэн бөгөөд энэ чиглэлээр хичээн ажилласаар байна. Харин сүүлийн жилүүдэд Америкийн тал Хятадтай сөргөлдсөөр бөгөөд өөрийн орны иргэд, дэлхий нийтийн өмнө хүлээх ёстой хариуцлагаас зугтсаар байгааг бүгд мэднэ.
Жанет Йеллен энэ удаагийн айлчлалаар “хариуцлагат байр суурьтай байх ёстой”-г онцолсон бол хэрхэн жинхэнэ утгаар хариуцлагаа гүйцэтгэх тухай ярих ёстой. Энэ нь зөвхөн Америкийн эдийн засаг, ашиг сонирхолд хариуцлагат байр суурьтай байх биш, харин хоёр талын аж ахуйн нэгж, ард иргэдэд илүү их үр өгөөж хүргэх талаар , мөн хамтдаа хожих, даяарчилсан сорилтын эсрэг хэрхэн ажиллах, дэлхийн эдийн засгийн өсөлтийг хэрхэн ахиулах зэрэг олон талыг бодолцох ёстой юм. Энэ утгаар Америк дараах хэдэн шалгуурыг биелүүлбэл хэлж буй үг нь итгүүштэй болно.
Эхлээд эдийн засаг худалдааны асуудлыг улстөржүүлэхгүй байж, “аюулгүй байдалд заналхийлж байна” гэсэн шалтгаар хэрэг сэдэхээ болих ёстой. Сүүлийн үед Америк дахь Хятадын компаниудад нэгжлэг хийхээс авхуулаад Пентагоныг Хятадын олон компаниас батарей худалдаж авахыг хориглосон, дараа нь Тик Токийг дарамталсан зэрэг нь бүгд л Америкийн аюулгүй байдалд заналхийлж байна гэх нэрээр Хятадын хөгжилд саад учруулж буй хэрэг юм. Энэ удаад Хятадын компаниудад хориг тавьж байгаа, нэмэлт гаалийн татвар ногдуулж байгаа, Хятад дахь хөрөнгө оруулалтын хязгаарлалт зэргийг маш анхааралтай хандаж буйгаа Хятад улс тодорхой илэрхийлсэн юм.
Дараа нь Хятад Америкийн эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг эдийн засгийн тухай хууль, зах зээлийн дүрэм журмын дагуу явуулах ёстой. Сүүлийн үед Америкийн олон компаниудын захирлууд Хятадад айлчилсан. Америкийн Apple, Qualcomm зэрэг компанийн удирдлага Хятадад оруулах хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлэн нэмэгдүүлж, шинэлэг хамтын ажиллагааг үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Энэ нь компаниуд зах зээлийн зарчмын дагуу хийж буй сонголт юм. Жанет Йеллений айлчлалын үеэр Хятад, Америкийн эдийн засгийн ажлын хэсгийн хүрээнд хоёр орон жич дэлхийн эдийн засгийн тэнцвэртэй өсөлтийн асуудлаар харилцан санал солилцож, банк санхүүгийн ажлын хэсгийн хүрээнд санхүүгийн тогтвортой байдал, тогтвортой хөгжил, мөнгө угаахтай тэмцэх зэрэг асуудлаар зөвшилцлөө үргэлжлүүлнэ гэж хоёр тал тохиролцов. Энэхүү нийтлэг ойлголт нь зах зээлийн эргэлзээ, санаа зоволтыг багасгаж, тодорхой хүчин зүйлийг нэмэгдүүлэхэд ашигтай. Энэ нь мөн ч Хятад Америк хоёр том эдийн засгийн хүлээх ёстой үүрэг хариуцлага юм.
Энэ жил Хятад Америк дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байна. Өнгөрүүлж туулсан замналыг эргэн харвал Хятад Америк эдийн засаг худалдааны хамтын ажиллагаагаа бэхжүүлэх нь хоёр талд ашигтай төдийгүй дэлхийн эдийн засгийн өсөлтөд ч түлхэц болно. Өнөөгийн Хятад Америкийн харилцаа тогтворжих шинжтэй болж байгаа нөхцөлд Хятад улстай нэгэн чиглэлээр зүтгэж, итгэл үнэмшлийг дээдлэн, бодит үйлдлээрээ амлалтаа биелүүлж, улмаар “Сан Францискогийн алсын хараа”-г бодит болгохыг Америкийн талд хүсэж байна. Америк чухам ингэж хийх эсэхийг дэлхий нийтээрээ анхаарч байна.